Санхүүгийн удирдлагын дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. 

-Засгийн газраас ирэх 2024 оны төсвийг өргөн барихдаа төсвийн зарлагыг өмнөх оноос 5.1 их наяд төгрөгөөр эрс нэмэгдүүлж, 27.1 их наяд төгрөг гэж тооцжээ. Төсөв хэт тэлэлттэй батлагдсаны сөрөг үр дагаврын талаар ярихгүй юу?

-Төсөв нь макро эдийн засгийн олон зорилтыг хангасан, нийгэм-эдийн засгийн индикатор байх ёстой. Төсөв тэлсээр, тэнцэл сүүлийн жилүүдэд алдагдалтай гарч, 20 их наяд төгрөгт хүрээд байна.

2023 оны улсын төсөв тэлэлтэй батлагдсан. Мөн зургадугаар сард бид улсын төсөвт тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Төсвийн зардлын тэлэлтийг багасгах, зарлагын чанарыг сайжруулахад томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй. Төсвийн зарлага болон алдагдал тэлэлттэй байхаас хамаараад дараа жилийн мөнгөний бодлого, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь ихсэж болзошгүй.

Монгол Улсын эдийн засаг бүрэн тогтворжиж чадаагүй байна. Бидэнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр эдийн засгийн өсөлтийг тодорхойлох хандлага бий. Хэдий энэ үзүүлэлт нэмэгдсэн ч иргэдийн амьдралын чанар сайжирсан гэх агуулгыг харахад эдийн засаг сэргэсэн гэж хэлэх хараахан болоогүй байна.

Өнөөдрийг хүртэл бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төсвөөр дамжиж мөнгө, эсвэл мөнгөний нийлүүлэлтээр дамжуулж эдийн засаг руу хэтэрхий их мөнгө оруулах нь өөрөө инфцляцийг бүтээх нь ойлгомжтой. Нөгөө талд нь бид бүтээмж гэдэг ойлголтыг ерөөсөө харгалзан үздэггүй.

Иргэд, улс төрийн хүрээнийхэн бүгд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх ёстой гэж яриад байгаа боловч нөгөө талд нь Монгол Улсын эдийн засгийн ерөнхий объём буюу хэмжээ нь тэлээгүй байгаа тохиолдолд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн, төрийн үйлчилгээ, төрийн бүтээмж нэмэгдээгүй тохиолдолд энэ нь гарцаагүй инфляци бий болгоно.

Инфляцийг ингэж ихэд өдөөж өгч байгаа төсөв орж ирж буй тохиолдолд бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, Монгол Улсын уул уурхайн болон уул уурхайн бус эдийн засгийн өсөлт хэрхэн хангагдах вэ гэдэг асуудалтай уялдуулж байж дараагийн жилийн төсвийг батлах хэрэгтэй. 5 их наядын өндөр тэлэлт гэдэгтэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв бидний хийж бүтээж буй хэмжээ, эдийн засгийн өсөлтөөс ч давсан тэлэлттэй байна.

-Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. 2024 оны төсвийн төсөл тэр чигээрээ “сонгуульд зориулагдсан” гэж ярьж буй нь нэг талаас үнэний ортойг ажиглагчид хэлж байна. Гэхдээ гялайж гялтайх, эерэг зүйлс байгаа л болов уу. Та юуг нь онцолж “магтах” вэ?

-Энэ жилийн төсвийн хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжинэ, хөдөлмөрөөс бүтээмж рүү шилжинэ, халамжаас хөдөлмөр лүү шилжинэ гэх зэрэг бодлогын шинж чанартай зорилтууд байгаа нь үнэн. 2024 оны төсвийн үндсэн онцлог, давуу тал нь төсвийн хөрөнгө оруулалт харьцангуй чанаржсан юм уу гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бидэнд үгүйлэгдээд байгаа эдийн засгийн суурь дэд бүтцийг бий болгох төрийн чиг үүргийг нэлээд анхаарсан ийм төсвийн төсөл байна гэж бодож байна. Аймгуудад дулааны цахилгаан станцууд барих, эрчим хүчний төслүүд байна. Дээрээс нь зам, дэд бүтцийн, боловсролын салбар, мөн цалин тэтгэвэр тэтгэмжийг үр дүнтэй нь уялдуулан нэмэх ажлаа үргэлжлүүлнэ байх гэж бодож байна. Эдийн засгийн суурь бүтцийг дэмжих, татварын зөв бодлого хэрэгжүүлэх замаар ядууралтай тэмцэх юм байна гэж ерөнхий дам утгаараа ойлгогдож байна.

-Халамж “хавтгайрах” нь гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Бидний сөрөг өнцгөөс хараад байгаа зүйл бол халамж буурахгүй нь байна. Цалин тэтгэвэр, тэтгэмжээс гадна халамжийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь бараг 3 орчим хувьтай байна гэдэг бол халамж цар тахлын нөхцөл байдлаасаа эргээд буурах суурь нөхцөл тавигдахгүй нь ээ гэж үзэж болохоор байна.

Сүүлийн арваад жил Монгол Улсын төсвийн эрх зүй, бодлогын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй гол зүйл нь орон нутгийн бие заасан байдлыг хангах, орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутгийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогууд байна. Энэ нь сүүлийн зургаа, долоон жилийн турш тууштай хэрэгжиж байгаа бодлогууд. Энэ дээр орон нутгийг чиглэсэн зам, дэд бүтцийн болон эрчим хүчний төслүүд олон аймагт хэрэгжиж байгаа нь орон нутгийн хөгжлийг хангахад сайн үр нөлөөтэй байж болно.

Гэхдээ миний хувьд, орон нутгийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлнэ гэдэг байдлаар уул уурхайн төсөл ихтэй, уул уурхайгаас гарч буй орлого өндөр аймгуудад илүү их төсөв хуваарилах, уул уурхайгаас гарч байгаа орлогоос орон нутагт ихийг үлдээх бодлого бол Монгол Улсын нэгдмэл төсвийн бодлогод магадгүй сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн байр суурьтай байна.

-2024 оны төсвийн төслөөс харахад, төрийн оролцоо өмнөх жилүүдээс буураагүй дүр зураг харагдаж байна. Болгоомжлох хүчин зүйлс юу байна вэ?

-Төрийн оролцооны түвшин хэт өндөр буюу 37, 38 хувьтай байна. Энэ нь зөвхөн нэгдсэн төсвөөр дамжиж орж ирж буй төрийн оролцоо. Бусад төрийн оролцоо бидэнд бий. Тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгж гэх мэтчилэн төрийн оролцооны түвшин нэмэгдэхээр хувийн аж ахуйн нэгжүүдийн орон зай, хувийн салбаруудын хөгжих, шинэ бүтээн байгуулалт, шинэ бизнес эхлүүлэх боломжууд хязгаарлагддаг. Энэ бол нэлээн болгоомжлох хүчин зүйлүүд. Хоёрдугаарт, төсвийн тэлэлтийн улмаас банкны захын, мөнгөний захын тэлэх боломж хязгаарлагдана. Монгол Улсын суурь салбар болох банк, санхүүгийн салбараар дамжаад эдийн засаг руу гарах тоо хэмжээнд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд иргэд, олон нийтийн байгууллагууд ийм хэмжээний төсөв ямар үр дүн бий болгох вэ гэдэг дээр илүү анхаарч, зөвхөн төсөв батлагдах хүрээнд биш, төсвийн эргэлтийн явцад, төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах явцад илүү анхаарал хандуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ийм томоохон хэмжээний төсвийг олон нийтийн хяналттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж одож байна.

-Төсвийн баримт бичгүүд нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байна гэж шинжээчид дүгнэж байна. Хэрэгжилтийн хангалтгүй байдлыг хэрхэн засаж сайжруулах вэ? 

-Баримтууд их сайжирч байна. Төсвийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан байдал харьцангуй нэмэгдэж байна. Сангийн яамнаас гаргаж буй төсвийн гүйцэтгэлийн тайлан үнэхээр сайжирч байна. Хамгийн гол нь төсвийн гүйцэтгэл энэ түвшинд хэрэгжсэн нь нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ, төсвийн сахилга бат ямар байсан бэ, дараа дараагийн жилүүдэд бид энэ дээр юуг анхаарах вэ гээд өмнөх жилийнхээсээ сургамж аваад, дараа жилийнхийгээ төсөвлөдөггүй. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа УИХ дээр төсвийн гүйцэтгэлийн тайланг төсвийн анхны тавьсан зорилтуудтайгаа уялдуулж, маш хүчтэй хяналттайгаар хэлэлцэх ёстой. Энэ дээр гүйцэтгэлийн ажлууд явдгаараа явж байна. Сангийн яам тайлангаа гаргаж, Үндэсний аудитын газар хөндлөнгийн хяналтаа хийж байна. Холбогдох байгууллагууд дүгнэлтээ гаргаж байна. Гэтэл энэний хэрэглээ нь хаана байна гэдэг асуудал гарч байна.

-Монгол Улсын өрийн асуудал анхаарал татахуйц байна. Өрийг өрөөр санхүүжүүлсээр байгаа нь ирээдүйд ямар эрсдэл дагуулах вэ?

-Монгол Улсын өрийн асуудал асар өндөрт хүрсэн он жилүүд бий. 2016, 2017 оны үе, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан гээд. Тэрнээс хойш өрийн менежмент харьцангуй эерэг болж байна. Учир нь үүнийг бодит нөхцөл байдлаар хариулж болно л доо. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хувь хэмжээ харьцангуй буурсаар байна. Өрийн ерөнхий тоон дүн нэмэгдээд байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх байдлаар нь олон улсад өрийн эрсдэлийн түвшинг үнэлдэг.

Бид тодорхой хэмжээнд өрийг өрөөр санхүүжүүлж байгаа нь үнэхээр үнэн. Гэхдээ өчигдрийн гарсан мэдээн дээр Хөгжлийн банк өөрийн орлогоор бондын төлбөрөө төлсөн байна лээ. Энэ бол бидний хувьд сүүлийн үед гарч буй томоохон эерэг мэдээлэл бас мөн. Өнөөдөр Монгол Улсын нийт өр өнөөдрийн нийгэмтэй харьцуулбал харьцангуй өндөр түвшинд байгаа нь үнэн. Хэрвээ өрөө даахгүй нөхцөлд байдалд хүрвэл Монгол Улсын эдийн засгийн хөгжил хэдэн арван жилээр хойшилно.

Монгол Улс өрөө даахгүй болвол дефолт болно, эцсийн үр дүнд. Гэхдээ одоохондоо тийм нөхцөл байдал үүсэхгүй байх. Учир нь, сүүлийн үед Монгол Улсын өрийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурч байгаагаас гадна одоо томоохон өр тавиад байх шаардлага, шалтгаан багатай болж байна. Тиймээс төсвийн алдагдлаа багасгаад явахад болно.

Үүнээс гадна олон улсын санхүүгийн зэрэглэл тогтоох байгууллагуудаас сүүлийн хоёр гурван жил бидний хэрэглээг ерөөсөө бууруулсангүй. Харьцангуй тогтвортой түвшинд хэвээр байна гэсэн байдлаар хараад байна. Гэсэн хэдий ч өр бол бидний гол анахаарах асуудал мөн. Өрийг бид ДНБ-д эзлэх 40 хувиас доош барих тэр зорилго руу явах ёстой.

-Танд баярлала. Ажлын амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу