Ирэх онд болох УИХ-ын болон орон нутгийн сонгууль эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын хувьд аль алинд нь амаргүй сонгууль болно. Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хулгай, ЖДҮ, ногоон автобус, замын түгжрэл, утаа униар гэх мэтчилэн МАН-ыг тойрсон маш том мөнгөний хулгайн схем ил болж, үүнд нь “Шударга ёс” ярьсан Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох талаар тийчилсэн ч хөнжлөөсөө хөл нь ч гарч чадсангүй.

Ирэх жилийн хоёр том сонгуулийн ард МАН “Шударга ёс” гэдэг ганц тугтайгаа халуун үнэнтэй нүүр тулна. Иргэдийн цалин цаас, орлого нь “ул” болж, өргөн хэрэглээний барааны үнэ хаданд гарсан, нийгмийн хамгийн их бухимдалтай үед тэр хэр сайн менежер болохоо харуулахыг хүснэ.

Улс төрчийн карьер мөнх биш. Тиймээс МАН-ын түүхэнд, Монголын түүхэнд хар толбо болж үлдэхгүйн тулд тавагтай хоолоо гудамжинд суугаа хүмүүстэй хувааж идэхээс ч цааргалахгүй ийм замыг сонгоно. Хамгийн чангаар орилсон ч хаданд очоод сарнисан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улаан нүүрээ улалзуулан, ард түмнээсээ аврал эрэхээс өөр зам үлдээгүй. Аргаа барах нь энэ ч, аргагүйн эрхэнд хийхээс өөр сонголт түүнд үгүй.

Нөгөө талд нь М.Энхболд тэргүүтэй хуучны кадрууд Төрийн тэргүүн У.Хүрэлсүхтэй өөрөөс нь ч ойр байгааг тэр мэдэж буй. Салхи хаашаа эргэхийг л хүлээж байгаагаас биш Л.Оюун-Эрдэнийг өнхөрүүлэхэд айгаад байх зүйлгүй болцгоосон хүмүүс тэд юм.

Аргаа барахдаа тэднийг атгандаа байлгахын тулд Х.Нямбаатарыгаа Хотын дарга болгож, өмнөх хотын удирдлагууд буюу өөрийн намын ах нарын арьсыг хуулахаар эхнээс нь АТГ-т “шивнэж” аавынд суулгаад эхэлсэн. “Айхгүй ч аягүй” гэгчээр хүн бүрийн зүрхийг шархируулж байгаа биз. Товчхондоо дарангуйлах байдлаар зангидна гэсэн үг.

Ах нараа барих ганц зам нь хууль хүчний байгууллага юм л даа. Нөгөө талд нь мөр зэрэгцэн явсан журмын нөхөр ЗГХЭГ-ын дарга, генсек Д.Амарбаясгалан түүний нөхөд өөрөөс нь зайгаа барьчихсан харж зогсоо. Намынх нь генсек яг үнэндээ өөрөөс нь илүү эрх мэдлийг нам дээрээ эдэлж, өөрийн багийг бүрдүүлчихсэн.

ЗГХЭГ-ын даргын хувиар төрийн өмчит компаниудын томилгоон дээр хамгийн сайн хөлтэй болчихсон. Ирэх жил намын дарга, Ерөнхий сайд болох том зүрх цохилж байгаа гэхчилэн дурдаад байвал Л.Оюун-Эрдэнэ жийрхэхээс өөр замгүй. Яах аргагүй нам доторх “дайснаа” дэргэдээ ойрхон байлгаж байгаа нь зөв юм. Эвгүйхэн хөдөлбөл анд Оюук нь барьж аваад аавынд суулгачих гээд У.Хүрэлсүхийн хашаанд одоогоор гэрээ барьчихсан.

Түүний нөгөө талд Н.Номтойбаяр гэж зүрхтэй эр хоббигоороо машин босгож, уралдаж, уул хадаар “тэнүүчилж”, загас жараахай болж явааг мартаж болохгүй. Номтын улс төр дэх нүүдэл ямар байхыг бүгд хүлээж байна. Дэндүү дураараа, дэндүү өөрийнхөөрөө түүнд таалагдах зүйл юу байх бол гэдэг асуултын тэмдэгтэй хэвээр байгаа юм. Одоогоор тэр үүцээ задлаагүй л байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ байлгах гэж хичээх нь гарцаагүй. Буриад хөвгүүний цөс хаашаа хөөрөхийг харин хэн ч таашгүй. Ийм нэг нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнэд огтхон ч амар заяа үзүүлэхгүй.

Шударга ёс гэж баахан хашгичаад, сүүлд нь “Надад боломж олговол Монголыг цэвэрлээд ирье. Хүч дутаж байна” гэсэн шүү юм яриад зогсож чадах хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Түүний хувьд У.Хүрэлсүхтэйгээ, Д.Амарбаясгалантайгаа харилцаа тийм ч ойр биш болсон. Магадгүй сул тал нь тэр болж болно.

Харин нөгөө талд нь еэвэнгийнхээ талыг булаалдсан Ардчилсан намынхан анхиагүй чигээрээ сонгуулийн дайнд мордоно. Дайн ч гэж дээ, тэрүүхэн хавьдаа утаа май тавьсан болоод, уугиад дуусах шинжтэй. Уг нь нэг нэгдээд авбал амласан бүхнээсээ буцаж байгаа Ардын намын өөдөөс зогсох хүч тэдэнд бий л дээ.

Хэн нэгэн даргын дохио зангаагаар хөдөлж, хашгичиж яваагаа утсан хүүхэлдэйнүүд нь “Манай нам дотооддоо ардчилалтай” хэмээн эндүүрнэ. Ерөнхийлөгч байхдаа Ардчилсан намаа аврах нь бүү хэл Ардын намын аманд өгч, хөнгөн зууш болгон МАН-тай сүүлэрсэн Халтмаагийн Баттулга ядаж парламентад хэдэн хүнээ оруулж, улс төрийн хамгаалалт авах гэж бүх бооцоогоо түлхэнэ.

Ардчилсан нам доторх хамгийн том хагарлыг авчрах хүн Х.Баттулга байх болно. Хэдхэн жилийн өмнө намынхнаа шоронд түлхэж, улс төрийн сонгуульд дамраар нь эргүүлсэн нүгэл нь нимгэрээгүй байхад тэр Ардчилсан намаасаа тангараг өргөхөөр аврал эрэн нам дотроо бужигнуулж байна. “Ичихгүй нь сайхан даа” гэдэг шиг үүндээ эмзэглэж байгаа зүйл алга.

Төв нам нь мөнгөгүй аймгуудаараа ч бүтэн тойрч чадаагүй байхад намаа “шантаажилж”, МоАХ нам байгуулна гээд, 21 аймгаар бүтэн тойрч, намын дунд шатны дарга нараа сонгох сонгуулийн өмнө усалгаа хийсэн. Үүнийхээ ч үр дүнд орон нутгийн намын дарга нараар нь “хулгар”-ууд сонгогдсон. Тэр ингэж л хүч, хөрөнгөө хаяж байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн нүүдлийг харж байхад нэг л эвээ олохгүй байх шиг. Асуудалтай тулгарбал С.Баярцогтыг урдаа барьчихаад, бас л хэнэггүй алхаж явна. Өнөөх нь ч сайн, муугаараа дуудуулаад сурчихсан болохоор түүний дэргэд гал барьчихна л даа. С.Баярцогт Ардчилсан нам дотроо хамгийн шилдэг менежер гэгддэг. Харин нөгөө намд нь С.Баяр бий.

Х.Баттулга одоогоор Ардчилсан намыг бараадаж байгаа ч эрх мэдэлд хүрвэл МАН-тайгаа наймаагаа хийгээд явчихна. Ойр тойрны хүмүүсээ хэрэг хуйгаас нь салгаж, Ардчилсан намаа дахин самарч мэднэ.

Ц.Элбэгдорж тэргүүтэй акулууд Л.Гантөмөрийг амар тайван байлгахгүй бас шахна. Залуучууд нь хөлөө олох гэж хөгөө чирж намдаа гай болох нь ч их. Гэхдээ Х.Баттулга шиг намаа хорлож, нүгэл үйлдэхгүй байх.

МАН-ын таримал ХҮН нам хотоос хэдэн суудал авах гэж зүтгэж таарна. Ард түмэн өөрсдөд нь асар дургүй болсныг мэдэж байгаа болохоор Ардын намынхан ХҮН намд хамгийн их тус хүргэж, ачааны хүндээс нь үүрэлцэнэ. Ачааны хүнд гэдэг нь арав таван төгрөг нь гэсэн үг. Ингэж МАН дагуул намаараа хэдэн хүн оруулж ирэх зурагтай байна.

МАН хулгайчдаасаа, АН Х.Баттулгаасаа болж бүдэрч мэдэх сонгууль хаяанд ирж. Ирэх оны төсвөөр нь иргэдийг барина гэж МАН үзэх ч маниус тэдний нүглийг мөнгөөр арилжихгүй хэрсүү болж байна. Нүүрсний хулгайн ард гарч чадахгүй бол Ардын нам “арьсаа” хуулуулах нь гарцаагүй ийм л цаг үед улс төр өрнөж байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу