Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2023.11.03) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. 

Уг хэлэлцүүлэг өнгөрсөн аравдугаар сарын 25-нд товлогдсон ч Т.Бадамжунай өвчний улмаас биечлэн оролцох боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Тухайн үед Т.Бадамжунайн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас бид нөхцөл байдлыг тодруулсан. Тодруулгыг ЭНД дарж уншина уу. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 45 хоногийн дотор шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг хийх ёстой байдаг. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх эцсийн хугацаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Т.Бадамжунайн биеийн байдал ямар байхаас үл шалтгаалж урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Эргэн сануулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан, Монгол Улсад авчран саатуулсан. Улмаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг нь прокурорт хүргүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Х.ТҮШИГ

Түүний тухай бичсэн “Т.Бадамжунайг шүүхэд Монголын шүүх балчирдах уу” редакцын нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу