ОХУ-ын Перм хотод “Вагнер” цэргийн хувийн компанид гишүүд элсүүлэх ажлыг дахин эхлүүлсэн талаар “Вагнер Перм” Telegram сувагт нийтэлжээ. Тус мэдээлэлд “Хувийн цэргийн компанид зоригтой, хамгийн шилдэг нь хэрэгтэй” гэж бичжээ.

“Вагнер”-ын Перм дэх төлөөлөгч 59.RU-д сайтад мэдээлэл өгөхдөө тус хувийн цэргийн компани гишүүд элсүүлж байгаа тухай мэдээлэл үнэн болохыг баталсан байна. Түүний хэлснээр, өдгөө “Вагнер” хөлсний цэргийн бүлэглэл Оросын үндэсний гвардын нэг хэсэг болж, талийгаач Евгений Пригожины хүү Павел тэргүүтэй дивиз бий болжээ.

“Цэргийн тойм” хэвлэлд өмнө нь “Вагнер” цэргийн хувийн компани Оросын үндэсний гвардын бүрэлдэхүүнд орсон тухай мэдээлсэн ч тус гвардын вэбсайтад ийм нэртэй анги одоогоор байхгүй байгаа аж.

Пермь дэх цэргийн хувийн компанийн төлөөлөгч 59.RU агентлагт ярихдаа “Бид байлдааны туршлагатай, тэр дундаа цэргийн хувийн компанийн нэг хэсэг байсан хүмүүсийг ажилд авдаг. Өдгөө бид шоронгоос бус, зөвхөн энгийн иргэдийг гишүүнээр элсүүлэн авч байна. Энэ хүрээнд 20-55 насны хүмүүсийг элсүүлж, гэрээ байгуулахад бэлэн байна” гэжээ.

Энэхүү ажилд орохыг хүсэгчид ОХУ-ын паспорт (мөн гадаад паспорт), ойр дотны хүмүүсийн паспорт, төрсний гэрчилгээний хуулбар, түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөнгө хүлээн авах хүний нэрийг өгөх шаардлагатай аж. Улмаар гэмт хэрэг үйлдсэн эсэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хэргээр яллагдагчаар татагдаж байгаагүй тухай гэрчилгээ авах шаардлагатайг дурдсан байна.

Үүний зэрэгцээ “Вагнер”-ын гишүүнээр элсэхэд флюрографи, ЭКГ, В, С гепатит, ХДХВ, тэмбүү, сэтгэцийн, эмчилгээний, шүдний (амны хөндийн эрүүл ахуй) эмчийн болон вакцинжуулалтын гэрчилгээтэй байхыг шаардаж байгаа аж.

Пермийн төлөөлөгчийн газрын цахим хуудаст С гепатит, ХДХВ, хорт хавдар, чихрийн шижин, астма гэх мэт өвчтэй хүмүүс тус цэргийн хувийн компанид элсэх боломжгүй талаар мэдээлжээ.

Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров өнгөрсөн аравдугаар сарын 30-нд “Вагнер” цэргийн хувийн компанийн 170 гаруй дайчин тус улсын “Ахмат” тусгай отрядын бүрэлдэхүүнд орсон талаар мэдээлжээ.

Кадыров телеграм сувагтаа “Вагнер” цэргийн хувийн компанийн хуучин дайчид “АХМАТ” элит тусгай хүчинд алба хаахаар шилжиж байна. Манай ангийн эгнээнд үргэлжлүүлэн алба хаах хүсэлтэйгээ илэрхийлсэн дараагийн дайчдын бүлэгт Донбасс, Украин болон бусад халуун цэгүүдэд байлдаж байсан арвин туршлагатай 170 гаруй цэрэг байна” гэж бичжээ.

Чеченийн тэргүүн “Вагнер”-ийн бусад хуучин дайчид нөхдийнхөө үлгэр жишээг дагаж, “Ахмат” тусгай хүчний эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сайн дурын дайчид болон хоригдлуудаас бүрдсэн “Вагнер” бүлэглэл энэ оны эхээр Москвагийн нэрийн өмнөөс Украины зүүн хэсгийн Бахмут хотыг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Гэвч өнгөрсөн долдугаар сард Оросын Батлан хамгаалах яам бүх “сайн дурын анги”-ийг зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулахыг шаардсан нь Пригожины дургүйцлийг хүргэж, цэргийн удирдлагуудын эсрэг босох гол шалтгаан болсон гэж хэвлэлд бичсэн нь бий.

ОХУ-ын Тверь мужид өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожины сууж явсан “Embraer Legacy” онгоц осолдсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус онгоцоор зорчиж яваад амиа алдсан хүмүүсийн цогцосоос гар бөмбөгийн ул мөр олдсон гэж мэдэгдсэн билээ.

Өдгөө бизнесмений сүйрсэн онгоцны ослын хэргийг ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Онц чухал хэргүүдийг мөрдөн шалгах ерөнхий газрын мөрдөн байцаагч Иван Сибула удирдаж буй юм байна.

Эх сурвалж: 59.RU, DW, THE MOSCOW TIMES
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу