Ардчилсан нам (АН)-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт өнөөдөр (2023.11.03) цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрбээр “Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн ногоон автобустай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх үедээ 2009 онд Сангийн сайд байсан С.Баярцогт тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд (ЗТБХБ) Х.Баттулгад зөвшөөрөл олгоод, улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх зүйлийг гаргасан.

Ингэхдээ маш олон баримт бичиг дундаас нэгийг нь сугалсан. Үүнийг нь сүүлийн өдрүүдэд цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тарааж байна. Эрх баригчид зориудаар дутуу мэдээлэл гаргаж, олон түмнийг төөрөгдүүлэх увайгүй үйлдэл хийж эхэллээ. Тиймээс үүнийг тайлбарлах зайлшгүй шаардлагатай. 

2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд буюу одоогоос 15 жилийн өмнө Засгийн газар хуралдаад нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоол нь албан ёсны сайтуудад нээлттэй, ил тод бий.

Тус тогтоолд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл, авто тээврийн хэрэгсэл ачиж, зөөвөрлөх, автомашин худалдаж авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсөвт суулган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай хэмээн заасан.

Энэ тогтоолд зургаан заалт бий. Үүгээр нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх ажил эхэлсэн. Яг энэ өдөр 63-р тэмдэглэл гэж гарсан. Тэмдэглэлд том оврын 400 ширхэг автобусыг богино хугацаанд нийлүүлэх ажлыг тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад даалгасан.

Тэр үед Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд яам, агентлагууд бүгд захиалагч болоод, яам тус бүрдээ тендерийн хороо байгуулаад, тендерээ зарладаг байсан. Сангийн яам яагаад холбогдсон бэ гэхээр, тухайн үед босго үнэ гэдэг зүйл байсан юм. Тодруулбал, нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдаж авах, гурван тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээг тендерээр авахуулах бол Сангийн яамаар заавал хянуулж, зөвшөөрөл авдаг байсан. 

Дараагийн шийдвэр нь, дээрх тогтоол гарснаас хоёр хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 7-нд тухайн үеийн ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд хандаж, “400 ширхэг автобус худалдаж авахад нийлүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын хязгаарлагдмал тендерийн баримт бичгийг боловсруулж хүргүүлж байна. Хуулийн дагуу хянаж, зөвшөөрөл олгоно уу” гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг нь манай яамны ТНБД Д.Баттөр шалгаад, зөвшөөрөл олгосон. 

Үүний дараа арванхоёрдугаар сарын 5-нд тус яамнаас дахин хүсэлт ирүүлсэн. Хүсэлтэд “Япон, Солонгосын дөрвөн компанид тендерийн баримт бичиг хүргүүлсэн. Эдгээрээс зөвхөн “Daewoo Bus Global” компани санал ирүүлсэн. Энэ санал нь Үнэлгээний хорооны шаардлага хангаагүй. Ийм нөхцөлд ирүүлсэн компанитай нь шууд гэрээ байгуулах боломжтой байдаг. Тиймээс тус компанитай шууд гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрнө үү” гэсэн. Энэ дагуу бид зөвшөөрөл олгосон. Гэтэл Х.Нямбаатар энэ мэдээллийг өгөхгүйгээр ганц бичиг дэлгэж, шууд тендер өгсөн мэтээр олон нийтэд ойлгуулж байна. Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн.

Өөрөөр хэлбэл, нэг сар таван хоногийн хугацаанд үргэлжилсэн ажлын хамгийн сүүлийн бичгийг нь гаргаж тавиад, Х.Баттулгын хүсэлтээр би зөвшөөрөл өгсөн мэтээр сэвж байна. Автобусны асуудлыг Ардчилсан намтай холбох гэж байгаа мэтээр ийм мэдээлэл гаргаж байна.

Энэ зүйл 15 жилийн өмнө болсон учраас би Сангийн яаманд хүсэлт тавиад 2009 оны тендертэй холбоотой материалыг үзэхэд 400 орчим хуудас байна. Та бүхэн тэр материалуудтай танилцаж болно. Тухайн үед Х.Баттулга БНСУ-д ажлын айлчлал хийж байсан баримтууд хүртэл бий. Бүх материалууд нээлттэй байна. Надад ч бий. Шаардлагатай гэж үзвэл та бүхэнд өгөхөд бэлэн байна.

Өөрсдийнхөө алдаа, дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй үйлдэл хийж болохгүй. Тухайн тендер нь шалгараад, чанар муутай, хуучин автобус авсан эсэх нь тусдаа асуудал” гэлээ.

Тодотгол: Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа “нээлттэй тендер”, “хязгаарлагдмал тендер”, “харьцуулсан тендер”, “шууд гэрээ” гэсэн дөрвөн аргаар хийдэг.

Хязгаарлагдмал гэрээ байгуулахаар санал хүргүүлэхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй бол шууд гэрээ байгуулах талаар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 30.4.3-д заажээ.

Дээрх мэдээлэлд дурдагдсан баримтууд: 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу