УИХ-ын чуулганы Баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудлаар зургаан санал хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал нийслэл хотынхны тулгамдсан асуудал болсон. Энд 1.6 сая хүн ам, 716 мянган автомашин, 410 мянган айл өрхийн асуудал хөндөгдөж байна. Х.Нямбаатар сайд ажлаа аваад удаагүй, санал санаачилгатай ажиллаж байна гэж бодож байна. Санаа өгөх үүднээс, замын түгжрэл бууруулах, өртөг багатай тав зургаан санааг хэлье. Түгжрэлийг механикаар бууруулах боломж байна гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүс үүнийг судалж үзээч ээ.

Нэгд, төвлөрөл үүсгэж буй хамгийн том асуудал бол төлөвлөлтгүй, бодлогогүй орон сууцжилтын асуудал байна. Шийдэл нь хотын төв болон А, Б бүсүүд дээр орон сууц барихыг хориглож болдоггүй юм уу. Газар шинээр олгохыг нь хориглож болдоггүй юм уу. Газар авдаг, орон сууц барьдаг, эргээд түгжрэл нь дийлддэггүй, сургууль цэцэрлэг нь хүрдэггүй, эргээд хүүхдээ зөөх асуудлууд үүсдэг. Тойргийн цэцэрлэгтээ хүүхдээ хамруулах асуудал байхгүй болчихоод байгаа юм. Иймд орон сууцныхаа оронд оффис барих ч гэдэг юм уу эрхийг нь нээж өгөх байдлаар зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй юу.

Хоёрдугаарт, автомашины зогсоолын асуудал хамгийн хүнд асуудал болчихлоо. Машин зорчих ёстой замууд бүгд зогсоол байдлаар ашиглагдаж дууслаа. Хоёр эгнээ зам байвал нэг эгнээ нь дандаа зогсоол болоод байна. Иймд зам дагуу зогсоол хийдгийг нь хатуу хориглоод, хоёр эгнээ замаар нь ашигладаг, эсвэл зам дагуу ямар нэгэн үйлчилгээ хийлээ гэхэд зам дагуу зогсоол хийдгийг нь хоригловол яасан юм бэ.

Амьдарч буй газраа заавал зогсоолтой байх шаардлага тавьж, зогсоолтой байвал машинтай болох эрхийг нь нээж байвал яасан юм бэ. Түгжрэлээс гадна аль ч орон сууцны гадна зогсоол байхгүй, орон сууц хороолол дотроо гацдаг асуудлыг бид цэгцлэхгүй бол болохгүй нь.

Гуравдугаарт, нийслэлээс анх хэрэгжүүлж эхэлсэн, манай Хууль зүйн сайдын зөвлөх Мөнх-Эрдэнийн хэрэгжүүлж байсан, хашаажуулдаг ажлыг зогсооё гээд. Одоо бараг зогссон шахуу, эхэндээ их эрч хүчтэй явж байсан. Хотхон болгоныг хашаажуулдгийг зогсоогоод өгөөч ээ. Төв зам хооронд нэвтрэх хүчин чадал байхгүй байна. Хотхоны хашааг тойрч явсаар байтал түгжрэлд орчихоод байгаа юм. Нэвтрэх чадварыг дээшлүүлэх үүднээс хотхон болгоны хооронд хашаажуулдгийг боливол яасан юм бэ.

Дөрөвдүгээрт, түгжрэлийн хамгийн том асуудал ерөөсөө уулзвар болчихоод байгаа юм. Энхтайвны өргөн чөлөөгөөр нэвтрэх гээд, бид Төв шуудангийн орчимд гацаад, хэдэн цаг зогсчихож байна. Түгжрэл үүсгэдэг хамгийн муу зохицуулалт болсон уулзварыг нүхэн, гүүрэн гарцаар шийддэг асуудлыг ирэх ондоо ядаж 10, 10-ыг шийдчихвэл үндсэн төв замууд саадгүй болох биш үү.

Тавдугаарт, түгжрэл үүсгэж байгаа жолооч нартай хариуцлага тооцож чадаж байгаа юм уу. Торгуулийн мэдээллийг аваад, нягтлаад үзэхэд, хотын хэмжээнд авто замын нийт 4.4 сая зөрчил үүссэн байна. Мөнгөн дүнгээр нь аваад үзвэл 105 тэрбум төгрөг. Иймд бид түгжрэл  үүсгэдэг, торгуультай, хөдөлгөөнд оролцдог, зөрчил үүсгэдэг жолооч нартай хариуцлага тооцоод, нэг долоо, эсвэл сарын кампаничилсан ажил хийгээд, эдгээр бүх машиныг хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлаад, ачаад явбал яасан юм бэ. Ингээд явбал магадгүй торгуультай нөхдүүд торгуулиа төлдөг, эргээд хязгаарлалтууд бий болсноор хөдөлгөөний  төвлөрөл ч бас аятайхан хэмжээнд очих юм болов уу.

Зургаа дахь санал, төлбөрийн асуудал. Төлбөр авах нь зарчмын хувьд зөв байх. Гэхдээ хот өөрөө шийдээд явах нь зөв байх. Бид төлбөртэй бүсээ зөвхөн төвдөө биш, бүсчлэлээ тэлж томруулах боломж бололцоо байхгүй юу гэсэн асуудал байна” гэв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу