УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хотын дарга Х.Нямбаатар нар ам муруйв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Манайх парламентын засаглалтай. Парламентад Хотын дарга анх удаагаа хууль барьж оруулж ирж байна. Хотын дарга оруулж ирж байгаа бол УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой байх. Сая хэлэлцүүлгийг харлаа. УИХ-ын гишүүн байсан хүний хувьд үүнийгээ сайн мэдэх байлгүй дээ. Хотын даргын байр сууриас, илүү мэргэжлийн байдлаар УИХ-ын гишүүдтэй харьцаж мэдээлэл өгөх нь зөв байх. Ийм мэдрэмж төрөөд байна шүү. 

Хотын дарга Х.Нямбаатар: Хуулийн төслийн танилцуулга болон хууль санаачлагчийн илтгэлийг таны дотны найз, ЗГХЭГ-ын дарга танилцуулсан. Та хоцорч орж ирсэн учраас анзаараагүй байх. Би ажлын хэсгийн гишүүний хувиар хариулт өгч байна. Мөн би гишүүдэд хариулт өгөхдөө хуульд заасан хүрээ, хязгаарын дагуу хариулна. Танаар чиглүүлж, заалгахгүй. Би УИХ-ын гишүүдтэй хүндэтгэлтэй харьцна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Би хэнтэй, яаж найзалж, нөхөрлөх нь танд хамаагүй. Би УИХ-ын гишүүний хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэрэнд та нөлөөлөх боломжгүй. Таныг Хотын даргын хувиар асуудлаа ярь гэж байна. ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн байсан гэдгээрээ УИХ-ын танхимд орж ирээд, сөрөг хүчний гишүүдэд гаргаж байгаа хандлага чинь таалагдахгүй байна шүү, Х.Нямбаатар аа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу