БНАСАУ хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудаа хааж эхэлсэн. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын эсрэг дэлхий дахины хориг арга хэмжээ нэмэгдсэний улмаас эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан тус улс хамгийн сүүлд Испани дахь Элчин сайдын яам (ЭСЯ)-аа хаажээ.

Испанийн Ард түмний коммунист намын цахим хуудаст мэдээлснээр, Пёньян вант улс дахь Элчин сайдын яамаа хаахаар шийдсэн тул түүний чиг үүргийг Итали дахь Элчин сайдын яам хариуцахаар болсон байна.

Хойд Солонгос болон Африкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНАСАУ-аас Ангол болон Уганда улсад суугаа Элчин сайд нар тус улсын удирдагчдад хүндэтгэл үзүүлж, дипломат төлөөлөгчийн газруудаа хааж байгаагаа зарласан тухай мэдээлэл цацагдсан талаар “Ёнхап” агентлаг уламжилсан билээ.

Пёньян Хонконг дахь консулын газраа хаахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь гол төлөв эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоотой байгаа талаар Японы хэвлэлүүд мөн мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам ч БНАСАУ-ын энэхүү алхмыг тус улсын эсрэг дэлхий нийтийн хориг арга хэмжээ чангарч буйтай холбон тайлбарлажээ. Нэгдлийн яамны нэрээ нууцалсан нэгэн ажилтан “Ийм арга хэмжээ авч байгаа нь Умардын эсрэг хориг арга хэмжээ нэмэгдсэний улмаас гадаад валютын урсгал татарч, дипломат төлөөлөгчийн газруудад дэмжлэг үзүүлэх боломжгүй болсныг харуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын мэдээлснээр, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар хилийн чанадад БНАСАУ-ын 53 дипломат төлөөлөгчийн газар буюу 47 Элчин сайдын яам, гурван консулын газар, гурван төлөөлөгчийн газар ажиллаж байна. Хэрэв Ангол, Уганда, Испани, Хонконг дахь дипломат төлөөлөгчийн газрууд хаагдвал энэ тоо 49 болж буурах төлөвтэй байгаа аж.

2022 оны тавдугаар сард Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай АНУ-ын тогтоолын төсөлд Орос, Хятад хоёр хориг тавьсан. Мөн 2022 оны тавдугаар сард Юн Сок Ёл засгийн эрхэнд гарснаас хойш Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг 11 удаа хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний жагсаалтад нийт 54 иргэн, 51 байгууллага нэмэгдсэн байна.

Эх сурвалж: YONHAP, RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу