Өчигдөр /2023.11.05/ цас орж, хотын шинэ даргын шандасыг шалгав бололтой. Тэрбээр үүрийн 05:30 цагт Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр машин барингаа лайв хийж, цас цэвэрлэгээний ажилд оролцож яваагаа харуулжээ.

Цас, бороо мэтийн байгалийн үзэгдлүүд үе үеийн хотын дарга нарыг хүнд байдалд оруулдаг. Өнгөрсөн зун үер болоход Хотын дарга асан Д.Сумъяабазар үерийн голомтод ажиллаж, зам гарах гэсэн иргэдийг үүрч хүртэл гаргаж явсан. Энэ удаад Х.Нямбаатарын ээлж иржээ. Өдөржин цас орсонд тэвдсэн бололтой тэр нийслэлийг тойрч, шөнөжин ажилласан байна. Энэ тухайгаа лайвынхаа дундуур “Шөнө би явсан”, “Намайг шөнө явж байхад” гэх мэтээр тодотгож байв. 

Цас цэвэрлэх техник, тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байгааг иргэд шүүмжилж ирсэн. Энэ удаад ч портер машинаар давс цацаж байгаа зургийг цахим сүлжээнд тавьж, хатуухан үг унагацгаав. Үүнийг Хотын дарга Х.Нямбаатар хүлээн зөвшөөрч, энэ оны арванхоёрдугаар сар гэхэд хот нийтийн аж ахуйн машин техникийг бүрэн шинэчилнэ хэмээн мэдэгдлээ.

Ямартай ч түүний ээлж ирлээ. Энэ өвөл тэр хичнээн шөнө нойргүй хонож, нийслэлээ тойрох бол…

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу