Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн. Тэрбээр өнөөдөр /2023.11.05/ тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа.

Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хотынхоо төвд эмнэлэг, сургуулийн хашаанд өндөр барилга бариад байж болохгүй. Нэгдүгээр эмнэлгийн орчимд зогсоолын асуудал ямар билээ. Гэтэл энэ эмнэлгийн хашаанд 20 давхар үйлчилгээтэй, орон сууц барина гээд зогсож байж болохгүй. 2005 онд 450м2 газар авсан ч яваандаа 1360 м2 болж өссөн юм байна.

Цаашид эмнэлэг, сургуулийн газраас газар эмтэлж аваад барилга барьдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг цуцлах ажлыг хийнэ. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжид дэд төвийн хүрээнд хийгдэх төлөвлөлтөд газрыг нөхөж олгох, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажлыг хийнэ” гэв.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу