Зам шүүрдэж буй шавилхан биетэй эмэгтэйтэй өглөө бүр таардаг юм. Энэ удаад тэр хоёр чих нь улайчихсан, цас цэвэрлэж харагдана. Амьдрах орчин, алхах замыг минь өнгөтэй өөдтэй байлгахын төлөө ажиллаж яваа түүнтэй их ажлынх нь хажуугаар ярилцлаа.

Мэдээж энэ бол түүний ажил. Гэхдээ олон нийтийн дунд чимээгүй хөдөлмөрлөдгийнх нь хувьд ТҮК-ийн ажилчдыг хэрхэн ажиллаж буй, иргэдэд хандаж юу хэлмээр байгааг түүнээр төлөөлүүлж дамжуулахыг хүссэн юм.

Дагважамцын Сайнноров 70 шүргэж яваа. Хөшиж үхсэнээс хөдөлж байсан нь дээр гэж тэр ярина. Тэрбээр тохижилт, үйлчилгээний ажил хийгээд таван жилийн нүүрийг үзэж буй аж. Түүний гэр Улаанхуаранд байдаг. Үүрийн 05 цагт гэрээсээ гарч, алхсаар 06 цагийн алдад ажилдаа ирдэг байна. Ингээд их ажил нь эхэлнэ. Хүмүүс ажилдаа явахаас урьтаж цэвэрлэхийг хичээдэг ч энэ удаад тэр чадсангүй хэмээн ярив. Учир нь өчигдөр, уржигдар их хотыг цас дарж, түүний ажлыг хүндрүүлжээ. 

Тохижилт, үйлилгээний ажилчдад газар хуваарилж, цэвэрлүүлдэг. Д.Сайнноровын тухайд Баянзүрх дүүргийн “Их орд” худалдааны төвөөс “Аман хуур” хотхон, “Цагаан хуаран”, “Өгөөмөр” зах хүртэлх хэсгийг хариуцаж, цэвэрлэдэг байна. Хүрз, шүүр, хогийн сав, ажлын бээлий, нормын хувцас зэрэг нь түүний ажлын багаж, хэрэгсэл. Үүгээр тэр явган хүний замыг авто зам руу орсон нуухтай нь хамт цэвэрлэдэг аж.

Үнэндээ техник, технологи хөгжиж, дэлхий нийтээр механик ажиллагааг халж байхад манай улс энэ хэдэн ажилчдаа идэр есийн хүйтэнд улаан гараар нь цэвэрлэгээ хийлгэсээр байгаа нь халагламаар. 

“Уг нь өглөөнөөс хойш амсхийлгүй л ажиллаж байна. Гэтэл сайн явж өгөхгүй юм. “Их орд”-оос цэвэрлэж явсаар “Аман хуур”-ын урд ирлээ. Өнөөдөртөө энэ хавиасаа дорвитой урагшилж чадахгүй юм шиг байна. Цас их оржээ. Даргадаа загнуулаад л ажиллаж байна” хэмээн тэр инээмсэглэн ярилаа.

Их загнаж, зэмлэх үү гэхэд “Үгүй дээ. Харин ч ажилчдынхаа ар гэрийг сайн ойлгодог юм. Цас орсон үед л хаа нэг хатуу үг хэлнэ” хэмээв. Хажуугаар зөрж буй хүмүүс загнаж, зэмлэдэг эсэх талаар асуухад тэр “Зарим хүмүүс төвөг учруулна.

Машинтай хүмүүс л “Замд тээр боллоо, өглөө эрт цэвэрлэхгүй яасан юм бэ” гээд загнадаг. Тэр үед нь дүлий дүмбэ царайлаад л, чимээгүй өнгөрөөнө. Харин залуучууд их сайхан. Эелдэг харьцаж, баярлалаа гэж хэлдэг. Хөгшчүүд л хэцүү байдаг юм. Уг нь халтирч унагаахгүйн тулд цэвэрлээд байгаа юм” гэв. 

Тохижилт, үйлчилгээний ажилчид Ням гаргаас Пүрэв гараг хүртэл ажиллаад, Баасан, Бямба гарагт амардаг ажээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас болж амралтын өдөр дуудагдаж, илүү цагаар ажиллах тохиолдол олон гардаг байна. Гэхдээ үүнд төвөгшөөдөггүй тухайгаа Д.Сайнноров ярьсан юм. 

Тэрбээр “Бямба гарагт цас орсон учраас дуудагдаж ажилласан. Илүү цагийн мөнгө өгдөг, мөн нийслэлийн өнгө үзэмж, хүмүүсийн эрүүл мэндтэй хамаатай ажил учраас илүү цагаар ажиллахаас төвөгшөөдөггүй” хэмээн хэлэв. 

ТҮК-ийн ажилчдын цалин саяхнаас нэмэгджээ. Өмнө нь сарын 750 мянган төгрөг байсан бол одоо 1,2 сая төгрөг болсон байна. Удахгүй дахиад нэмэгдэнэ гэсэн хэмээн тэр баяртай нь аргагүй хэлэв. 

“Үүрээр даардаг байх даа” гэхэд тэр “Ажил хийж байгаа болохоор даардаггүй юм. Нормын хувцас маань ч их дулаахан. Заримдаа бүр халууцна.

Эх орныхоо, амьдралынхаа төлөө зүтгэнэ дээ. Залуучууд ийм ажил хийхгүй юм байна. Эгч нь хүн хөшиж үхдэг гэдэгтэй санал нийлдэг. Нөгөө талаас амьдрахын эрхэнд ингэж явна. Ажлаа хийгээд эхлэхээр нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгахад хувь нэмрээ оруулж яваа гэж бодогдоод, сайхан санагдах үе бий” хэмээн яриагаа дуусгалаа. 

М.БАЯРАА: ЦАС ЦЭВЭРЛЭХЭД ААН, БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА

Цас цэвэрлэгээний ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Өнгөрсөн жилийг бодоход энэ жил цас хожуу орлоо. Их хэмжээний цас орсонтой холбогдуулан халтиргаа, гулгаанаас сэргийлж, авто замд зориулалтын давс, бодис цацаж байна. 

Мөн гудамж талбайг цэвэрлэх ажил үргэлжилж байна. ААН, байгууллагууд барилгаасаа 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх үүрэгтэй. Өнөөдөр амралтын өдөр тул хувийн ААН, байгууллагууд гаднах цасаа цэвэрлэх боломжгүй байгаа бололтой. Бид ч амралтын өдөр гэдэг утгаар шаардлага тавьсангүй. 

Даваа гаргаас эхэлж шаардаж ажиллана. Цас цэвэрлэхэд ААН, байгууллага, олон нийтийн оролцоо чухал байна. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд үүргээ биелүүлж, барилгаасаа 50 метр орчмын талбайг цэвэрлээрэй. Гэр хороололд амьдарч байгаа айлууд хүрзээ барьж гараад л хашаагаа цэвэрлэж, зам гаргадаг. Үүнтэй адил хотын төвийн байгууллагуудын ажилчид маань хотын соёл, орчиндоо хандах хандлагадаа анхаарч, ойр орчмоо цэвэрлээрэй” хэмээн ярилаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу