Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч
Тангадын Галсантай ярилцлаа.

-Монголчууд “Холын хүнээс үг сонс” гэдэг. Баруун аймаг руу зорчсон сониноосоо хуваалцахгүй юу. Алс замд алжаав уу, та?

-Манайхан зунжингаа зугаалдаг, намаржингаа найрладаг үед бас л явахаас ондоонгүй. Яагаад вэ гэвэл миний ухаант аав “Миний хүү сайн явж байгаарай, их явж байгаарай. Эмээлт морь уяагаа сахиж гурван сар болвол илжиг шинжийг олдог юм шүү. Ээ дээ, явж байгаарай. Эр хүн гэрээ сахиж гурван сар болвол эмгэн шинжийг олдог юм шүү. Ээ дээ, явж байгаарай” гэж хэлдэг байлаа. Хэдийгээр би 100-гийн даваа өгсөж яваа боловч аавынхаа сургаалийг дагаж, аз хийморио сорьж, нэлээн явлаа, хө. Ингэж явахдаа улс эх орон маань хөгжиж байгааг хараад нэгдүгээрт их баясдаг юм байна.

Хотод суугаад байхад юу ч мэддэггүй юм байна шүү дээ. Хоёрдугаарт, ээ чааваас даа, ингэх нь яав даа, тэгэх нь яав даа гэсэн юм бас санаанд ордог юм байна шүү. Ховд нутаг зорьж, Галданбошигт хааныхаа өргөөний шав тавих ёслолд оролцохоор Дарьгангаас Ардын жүжигчин Чимэдцэеэ, Архангайн өөлдүүдээс Ганбаатар яруу найрагч  тэргүүтэй хэд хэдэн хүн, Хүрэн бэлчирээс энэ хүрэн өвгөн гээд олон хүн Ховдын онгоцонд суулаа. Үгүй тэгсэн чинь онгоц явдаггүй юм байна.

-Цаг агаар таагүй байсан хэрэг үү?

-Тийм ээ. Цаг агаар муу үед нисэж болдоггүй. Тэнгэрийг захирдаг юм энэ дэлхийд байхгүй л дээ. Хөшигийн хөндий дэх онгоцны буудал руу унаагаа буцааж дуудахад заавал хот орж байж эргэж ирдэг юм байна. Нөгөө хурдны зам чинь хот орохоос нааш орц, гарц байдаггүй. Шүүмжилж байгаа юм биш, тийм байх ёстой.

“ЧИНГИС БОГДЫН  ЗАРЛИГЛАСАН БИЧГЭЭР “ЧИНГИС ХААН” НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД ГЭЖ БАЙСАНГҮЙ”

-Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал танд таалагдав уу? Том буудал барьж болоогүй юм байх даа гэсэн бодол анх төрж байсан…

-Монголын түүхгүйгээр дэлхийн түүх болдоггүй тийм их түүхт үндэстэнд ирж байгаа гээд гадаадын жуулчид маань сэтгэл зүйн хувьд их хүндэтгэлтэй  аялж байгаа даа. Тэр  дундаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал гээд, үгүй ямар сайхан юм байгаа бол гээд бодоо доо. Тэгсэн чинь Хөшигийн хөндийд хэдэн жаахан навтгар байшин “хэвтэж” байна. Онгоц буудлын байшин өндөр байдаггүйг би бас мэднэ ээ. Өнөө гадны хүн чинь ирэхдээ мэдээжийн хэрэг Чингис хаантай холбоотой, Чингис хааны их сүрлэг хөшөө юм уу, эс бөгөөс Чингис богдын зарлигласан бичгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал байх юм болов уу гээд. Тэгсэн чинь тийм юм байдаггүй юм байна, хө.

Байтлаа манайх чинь хоёр бичигтэй шүү дээ. Чингис хааны зарлигласан монгол бичиг, Цэдэнбал даргын зарлигаар шийдсэн кирилл бичиг. Байшингийн тээр хөмсөг доогуур “Чингис хаан буудал” гээд байж байх юм аа. Энд нэг жаахан гунилаа. Улс үндэстэн бүхэн өөрийн түүхт бичиг соёлоор хүн төрөлхтөнд гайхуулдаг. Жишээ нь, одоо та бүхэн сүмо бөх үз дээ. 60 хувь нь бөхийн барилдаан, 40 хувь нь япон ханз. Ямар гоё юм бэ. Тэр чинь бас хоёр бичигтэй улс шүү. Гэтэл тэр ханз нь хүн төрөлхтөний нүдэнд хоногшоод, өөрийн соёлтой улс шүү гээд бахархах сэтгэл төрүүлэхээр байна. Энэ удаа би зөөлөн хэлье. Сүүлийн 30 жилийн алдааг залруулсан учраас би Оюун-Эрдэнэ сайдад нэлээн талтай байдаг юм. Тэрнээс биш нэлээн ноцтой үгээр ташуурдаж болмоор.

-Яагаад тэр вэ?

-Сайд маань Эзэн Чингисийн нутгийн хүн. Энэ дэлхийн соёлын түвшинг мэдэх хэмжээнд хүрсэн, тийм хүн дээ. Зураг төслийг нь ажаагүй юм уу. Би бас хэлж байсан санагдах юм. “Ээ дээ, монгол бичгээрээ бичээд, өдөр шөнөгүй гэрлээр даллан, дүрэлзэж байдаг бол гоё доо” гэж хэлж байсан юм. Энэ нь Оюун-Эрдэнийн бүх бүтээн байгуулалтыг гутааж байгаа хэрэг биш. Би хэлэх ёстой, тэд сонсох ёстой. Түүнийг сонсох төдийгүй залруулах ёстой.

-Шинэ нисэх буудалд Монголыг илэрхийлэх юу ч харагдсангүй гэж үү?

-Тэнд ер нь монгол юм юу харагдав гэхээр өнөө хэдэн хавтгай байшингийн хажууд хэдэн улаан үнээ, хэдэн адуу л байх юм. Гаднаас ирж буй зочны тэр их өргөн сүсэг, хүндэтгэл ер нь нэлээн их буурч байгааг Ховд руу зорчиж буй гадаадын жуулчдаас харж, бас сонссон. Би сайн сайхан бүхнээр нь бахархаж, жаахан саар байгааг нь хэлж байгаа шүү. Би үгээ хэлэх ёстой ахмад хүн шүү дээ…

-Таны суусан онгоц хэдийд Ховд руу ниссэн бэ?

-Маргааш нь дахиад л Хөшигийн хөндий рүү давхилаа. Онгоц зогсож байна, ашгүй. Суулаа. Тэгсэн гурван цаг нисдэггүй юм байна. Яасан юм бол гээд харсан онгоцны багийнхан дандаа гадаадын хүмүүс байж байна шүү. Монгол Улс Зайсановоос эхлээд их эртнээс онгоцны мэргэжилтэнүүд, инженерүүд, нисгэгчид, холбоочидтой. Тэгсэн тэр баг бүхэлдээ гадаадынхан. Тэр байтугай үйлчлэгч нь бас наран тивийн бор царайтай хүн байдаг юм байна. Тээврийн сайд чинь одоо хэн байгаа билээ дээ?

-С.Бямбацогт…

-Бямбацогт оо, миний хүү, энэ юу болж байна вэ? Нэгд, өөрийнхөө нутгийн нисгэгчдийг тэнгэрт нисэж чадахгүй гэж басаагүй баймаар. Хоёрдугаарт, хүн болгоныг хөдөлмөртэй болгоё гэж ярьж байгаа үед. Тэнд ганцхан монгол байна аа. Тэр нь онгоцонд суух хүмүүсийн нэрсийг дуудахад л хэрэг болж байна. Энэ юу болж байна вэ, таминь ээ. Онгоцоор зорчигчид энэ талаар үгээ хэлээч. Түмэн олны ухаанаар төрийг жолооддог. Түшмэлүүд төрийг удирддаггүй юм шүү.

“ХОВД ЗОРЬСОН ОНГОЦ БАЯН-ӨЛГИЙД БУУЧИХДАГ ЮМ БАЙНА”

-Онгоц цагтаа ниссэн үү?

-Нисдэггүй ээ, гурван цаг суулгадаг юм байна. Цаг хугацаа бол дэлхийн хөгжлийн хамгийн хүчирхэг орон зай шүү дээ. Яасан бэ гэсэн чинь хүний даац хэтэрчээ гэж байна. Хойшоо харсан чинь онгоцны ар талд нэлээн хэдэн суудал сул байх юм. Зайлуул, хөөрхий гадныхан санаа бодлоо өөрсдийнхөө түвшинд илэрхийлдэг юм байна л даа. Ачааны даац хэтэрчээ гэсэн утгатай юм байна. Нэг хүний 9 кг-аар бодоход 70 хүний 630 кг ачаа илүүдсэн гэсэн үг. “Буух хүн байна уу” гэсэн байдаггүй ээ. Ачаагаа дур мэдэн буулгаж чаддаггүй, тэрнийгээ шийдэж чаддаггүй… Үгүй хөөе, Бямбацогт сайд аа. Би чамайг төр гайгүй сайн түшиж явах хүн гэж боддог. Чиний удирдаж байгаа яаманд, онгоц тээврийнхэн дотор ийм хачин юм байна шүү.

-Буух хүн байхгүй, онгоц даац хэтэрсэн чигээрээ ниссэн юм уу?

-Настайчууд хөөрхий цай сүү нь холдов бололтой, эм тариагаа ч хүсэв бололтой, хэдэн хүн буулаа. Бас жаахан ачаа буулгаад, нисдэг юм байна. Миний эх орон чинь зүүн тийшээ явахад нэг цагийн зөрүүтэй. Баруун тийшээ бас. Ийм сайхан эх оронтой. Тэгээд л луут хөх тэнгэртээ, лус хөрстдөө битүүхэндээ залбираад л нисчихлээ. Хүүе ээ, тэгсэн чинь Ховд зорьсон онгоц чинь Баян-Өлгийд буучихдаг юм байна шүү.

-Яасан юм бол?

-“Баян-Өлгийд бүргэдийн баяр үзэх гэж байгаа гадаадын хүн олон байна” гэлээ. Энэ чинь одоо үйлчилгээ мөн үү. Монгол хүн эх орондоо гадаадын хүнээс үнэгүй болж байгаа юм уу. Их гайхалтай юм, сайд аа. Хүмүүс хоорондоо ярилцсан байх, Баян-Өлгийгөөс Ховд руу автобусаар аялдаг юм байна. Дөчин хэдэн онд Хасагийн дээрэмчид хил түйвээгээд болохоо байсан үед Цог генерал хил тохинуулах ажлаар очихдоо онгоцоор, буцахдаа тэмээгээр явсан байдаг. Тэгэхэд нутгийн торгуудууд “Агаараар ирсэн жанжин ат унаад буцлаа даа” гэж дуу гаргаж байсан. Тэрүүнтэй адилхан агаараар ниссэн зорчигчид автобусаар Ховдыг зорьдог юм байна аа. Үгүй ээ, энэ юу болж байна вэ, сайд аа.

Нисэх багийнхан “Яльгүй жаахан хүлээлгэлээ. Та нараас хүлцэл өчье” гэж өнөө монгол хүүхнээр чинь хэлүүлж байна аа. Тэгээд “Та нарт 100, 100 мянган төгрөг өгнө” гэнэ. Сэтгэл зүй, цаг хугацаа, хариуцлагын алдаанд 100 мянган төгрөг юу юм бэ. Шил шарз авч хүрэхгүй. Сайд аа, бас нэг иймэрхүү байна. Тэр бол худлаа мэх. Түүнээс хойш өчнөөн хонолоо. Уучлалтаа албан ёсоор гуйна гэсэн байхгүй. Би бас хэд хэдэн хүнтэй холбогдож үзлээ, өнөө 100 мянга нь байхгүй. Тэрнийг хүмүүс тэртэй тэргүй авахгүй. Авахаар бол сая сая төгрөг авна гэж байна лээ. Энэ бол зах зээлийн эдийн засгийн нарийн тооцоо.

“С.БЯМБАЦОГТ САЙД АА, ТАНЫ ЧИХНЭЭС ТАНЫГ ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ
ӨВГӨН БИ ЗЭС ХОНХ ЗҮҮЛЭЭ ШҮҮ”

-Ховд руу цастай байв уу? Хэрвээ цастай байсан бол автобусаар явах амаргүй шүү…

-Алтайн уулс, сүрлэг сайхан хайрхануудад, Цамбагараваас Отгонтэнгэр хүртэл цас орчихсон, автобус гулгаад, гулсаад л. Энгүй жолооч нар байх юм. Алтан шар замд тийм жолооч нар явдаг гэхээр ёстой нэг баярламаар юм аа. Нөгөө талаар Баян-Өлгийн “онцгой байдлынхан”… Онцгой байдал гэдэг нэр томьёо буруу шүү. Үүнийг залруулаарай. Энэ чинь аюулаас аврахынхан байхгүй юу. Ерөөсөө оноогүй нэр томъёо үүрэг, хариуцлагаас нь бусдыг хөндийрүүлж байдаг. Баян-Өлгийн авралынхан биднийг удирдаж яваад, нутгийнхаа нэг давааг давуулж өгч байна шүү. Манай казахынхан бас их нүнжигтэй, ажилдаа ер нь хариуцлагатай байна. Дээр үед

“Ой, энэ каш цагаан барилгыг кэн барьж байна Тлейхан барьж байна
Калхын түүхийг кэн бичиж байна Минус бичиж байна
Хамгийн көөркөн күүхнийг кэн үнсэж байна Ахмед үнсэж байна
Уурхай баялгийг кэн нээж байна Мавлет нээж байна.
Учиртай гуравд кэн дуулж байна Кавлааш дуулж байна
Уйдсан Монголыг кэн инээлгэж байна Латиф инээлгэж байна
Уураг тархийг кэн хага цохиж байна Хайрулла цохиж байна
Ой, энэ улс Монголыг кэн өөд татаж байна Баян-Өлгийн хасгууд” гэж омойтдог байсан.

Үнэн юм шүү. Үнэндээ ажил бүхний манлайд байсан. Одоо ч бас тэр. Онгоцоор очиж, автобусаар явагсдын өмнөөс өвгөн ах нь та нартаа баярласнаа илтгэж, та нарт минь эрүүл энхийн цагаан буян, их зүтгэлийн одон буян ихээр чуулах болтугай гэж ерөөе өө.

-Зорьсон хэрэг бүтсэн үү. Улаанбаатар хот руу онгоцоор ниссэн үү?

-Агаараар ниссэн зорчигчид тийнхүү явсаар Ховдод, Эрдэнэбүрэндээ очиж, өөлдүүд үүх түүхээ, өв соёлоо яриад. Энэ бол ясны жижигрэл биш. Түүхээ мэдэхгүй хүн бүхэн шатрын түүхий хүү болдог. Түүхий хүү болгоны духан дээр түүх эвэр ургатал нь цоходдог жамтай. Тэгээд Галдан хааныхаа өргөөний шавыг тавиад буцсан даа. Буцахад мөн ялгаа байхгүй. Өөр өөр онгоц ирээд байгаа хэр нь онгоцны багийнхан мөн л цөмөөрөө гадныхан. Гав ганцхан нэр дуудахад л монгол хүн байх юм. Сайд аа, таны чихэнд таныг хүндэтгэж явдаг нэг өвгөн зэс хонх зүүлээ шүү.

Монголын нисгэгчид дэлхийд, тив бүхэнд бууж байна гэсэн. Гэтэл онгоц нь Монголынх уу, гадаадынх уу. Худалдаж авсан бол Монголынх. Үгүй тэгээд баг нь гадаадынх. Тэдний цалинг Монголын бор төгрөгөөр биш ногоон дойлуураар төлдөг. Эс бөгөөд түүний ханшны хэмжээний их мөнгөөр төлдөг байж таараа даа, сайд аа. Ингэхээр зэрэг бид чинь өөрсдөө бүх салбарт эх орноо өөд татах бяр тэнхээ, оюун ухаан, мэргэжил суусан гэсэн миний итгэл үнэмшил худлаа байж уу, эсвэл ерөөсөө манайхан даяаршиж байгаа гээд золбиншиж байгаа юм уу? Сайд та надтай уулзаж, энийг хэлж өгөөрэй.

-Энэ зун таныг төрсөн нутагтаа амраад ирсэн гэж дуулсан. Нутагтаа очиж, төрсөн гэрийнхээ буурин дээр хөрвөөж, эрхэлж амжив уу, та?

-Зун хонгор нутгаа зорьсон. Ээ дээ, бас сайхан нутаг юм шүү. Эх орны газрын зургийг хараарай. Өнөө жижигхэн жижигхэн огтлоод, олон нэгж болгосон чинь нэг л тарваганы муу ходоод ч юм шиг, ганц харцага байгаа ч юм шиг, эсвэл ганц богтос хэвтээ ч юм шиг харагддаг. Баянхонгор бол урдаа цөлтэй, говьтой, талтай, хангайтай. Барын базах гэж байгаа тавхай шиг харагддаг. Тэнд алтаар баян, адуугаар баян, ажилсгаар баян, алдартнаар баян, авьяастнаар баян. Аугаа их Гончигсумлаа, Бярваа, Сангидоржоос уруудуулаад л. Тэр нутагтаа очиход өвчтэй байсан эрхтэн эрүүл болдог.

Богийн өвчүү дүрээд авахад болгож орхидог халуун рашаантай. Гал үдийн халуунд хуруугаа дүрэхэд ганц минут болж болдоггүй хүйтэн рашаан бий. 108 рашаан, Шаргалжуут гээд. Тэр нутагтаа очсон байхад эртний өвгөдийнхөө түүхэн дундуур явдаг. Эцэг дээдсийнхээ явсан газар дээгүүр явдаг. Тэгээд эв эрүүл болоод л эргэж ирдэг юм шүү дээ. Миний уруул доороо унгастай, эрүүн доороо эсгийтэй өвгөн болсны чинь нууц тэр шүү дээ. Зээ хө, тэгээд нутагтаа очлоо. Би чинь Бумбат гэж хайрханы өвөрт унасан хүн дээ. Манай Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Намсрай чинь бас нөгөө нэг Бумбатад төрсөн. Манай нутгийн урд өлмийд Ямбат гэж хайрхан байдаг. Ямбатын өвөрт миний шавь, Хөдөлмөрийн баатар, сэтгүүлч Цэвлээ төрсөн. За тэгээд Бумбатаас Ямбатаа хүртэл явлаа.

-Хүүхэд нас, гийнгоо, ижий аавын сургаал үгс өөрийн эрхгүй санагдсан биз?

-За даа, мөн сайхан. Хүүхэд нас маань өөдөөс ход ход инээгээд гүйгээд ирж байх юм. Хөлгийн нуруун дээр дарцаглаад, морь унаад уралдаж яваа Галсан монхойтлоо хажуугаар давхиад л өнгөрч байх юм. Хүүе ээ, бас айлын сайхан охинд санаатай, айн, ичингүйрхэн Хүрэн бэлчир рүү шогшиж явсан маань хүртэл харагдаж байх юм. За тэгээд, амнаасаа шүлэг урсгаж явдгийг мэдээд, тэр шүлгүүдийг цаасан дээр буулгаад, ном хийгээд, зураг чимэглэлээр, монгол, латин, кирилл үсгээр бичиж өгч байсан Бат багш минь “Миний хүү ингэж ирэх ёстой доо” гээд, дээд тэнгэрээс хэлж байгаа нь хүртэл дуулдаж байх юм.

За тэгээд, төрсөн гэрийнхээ буурин дээр очлоо. Ээж минь тулгатай галынхаа зүүн талд суугаад, аав маань арслантай авдрынхаа урд завилаад сууж байгаа гэж бодоод, хөл нүцгэлчихээд, унасан газраа гүйж явахад өнөө замын голд тормоз гишгэчих шиг болоод байдаг өвдөг чинь зүв зүгээр болчихож байгаа юм даа. За тэгээд, нутагтайгаа юу эсийг ярилаа. Хүү чинь энэ хэртэй яваа шүү. 126-хан ном, 64-хөн кино ард түмэндээ өглөө шүү. Одоо өгөх гэж байгаа ном, боть олон бий гээд, хэдэн боть, цэнхэр хадаг, идээн дээжтэй гэрийнхээ буурин дээр өргөчихөөд, цаашаагаа Хүрэн бэлчирээ зүглэсэн дээ. Нутагтаа очиж эрхлэснээс хойш хийморь их өөдөө байна.

-“Монголын нууц товчоо”-нд бичсэн, Их эзэн Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо буудалласан Хүрэн бэлчир мөн үү?

-Тийм ээ. Хүрэн бэлчир бол зүүн талаас орондоо унтах завгүй олзлолдон булаалдах дон туссан, тийм хямрал болсон олон овог аймгийг цөмөөрөнг нь байлдаж нэгтгээд, байлдаж нэгтгээд. Ерөөсөө тэргүүнийг нь өөртөө элсүүлэх юм уу, байлдаад дарчихвал бусад нь шууд дагадаг байсан нь тэр цагийн ёс жаяг. Монголын зургаан том овог аймгийг нэгтгэчихээд, ерөөсөө эсгий туургатнаа нэгтгэе гээд, баруун тийшээ зориод, яг манай Заг Байдрагийн нутаг. Төрийн шагналт их зохиолч Лхамсүрэн гуай, Төрийн шагналт Пүрэвсүрэн хоёр доод хэсгээс, би эхнээс нь. Тэр голын яг зүүн эрэгт Эзэн Богд Чингис хаан маань морилж байсан байдаг.

Тэр хавийн хэдэн толгой тэр үед ямар овог аймаг буурилсан бэ түүгээр нэрлэгдсэн. Хэрээ толгой гэж нэрлэсэн, Хэрэйдийн толгой, Ван хааныхан гэсэн үг байхгүй юу. Чонос гээд. Манай Монголын маш баатарлаг, зоригтой нэгэн овгийнхон тэнд буурилж байх жишээтэй. Нөгөө талаас, ерөөсөө эсгий туургатан нэгдэх нь зөв, хүчтэй нь ялъя, тэрүүгээрээ нэрлэе гээд. Тэгээд найман Монголоо нэгтгэчихсэн, Наймны даян хаан гээд, баруун талд нь буурилсан тэр сайхан түүхт нутагтаа, хурдны морь унаад, давхиж явсан Залаа Чандмань овооныхоо тэнд очиход мөн л жаргалтай байлаа даа.

“БИДНИЙ ЗӨНӨГҮҮДЭЭС ЭНЭ ХОЙЧИЙН ХҮҮХДҮҮД ХАМААГҮЙ УХААНТАЙ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА”

-Нутаг орны байдал хүүхэд ахуй үеийнхтэй тань харьцуулахад хэр их өөрчлөгдсөн байна вэ?

-Тэнд түүхийн дурсгалт, эртний хөшөөнүүдийг он цагийн элээх жам газрын хөрсөн дор хийчихсэн байна. Гадна, дотныхон Монголын хөрсөн дээр байгаа юм бүхнийг устгаж явдаг. Сүүлийн ухамсаргүй сармагчнууд “Бидний мэдэхгүй янз янзын бичиг байна” гээд, том том саваар нь будаг аваачиж нялаад, түүнийгээ феодализм, лалын шашинтай тэмцэж байна гэж өвчигнөдөг. Тэр нутагт 1963 онд миний удирдсан 10 дугаар ангийг онц төгссөн, Бямбын Чойжилсүрэн гэдэг шавьтайгаа дарга байхад нь уулзсан юм. Манай Загийн дунд сургууль төгссөн хүү. Би “За миний хүү, даргын суудал сайндаа л таван жил шүү. Харин чиний энд мөнхөд бүтээх нэг юм байх ёстой. Анх цагийн түүхийг энх цагийн түүх дотор авчирч баталгаажуулах хэрэгтэй. Энд нэг гэрэлт багана босго” гэж хэллээ.

-Улсын тусгаар тогтнолыг баталсан өдөр Баянхонгор ганцаараа багана босгож байсан гэдэг…

-Баянхонгор багана босгохдоо онцгой. Тусгаар тогтнолоо баталж, гарын үсэг зурсан өдөр гав ганцхан Баянхонгор аймаг гурван уурга залгаад, оройд нь төрийнхөө сүлдийг залаад, тусгаар тогтнолын багана босгож байсан. Ардчилсан хувьсгал дөнгөж ялсны дараа ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг шар Найдан, бор Гонгор нар ярьж байгаад, их сайхан гэрэлт хөшөө босгосон. Аймгийн удирдлагын ордны урд талд. Улаанбаатарт, Ялалтын талбай дээр босгосноос хамаагүй илүү цэгцтэй, гоё.

“Миний хүү, түүх батламжлах л хөшөө босгочих” гэсэн. Нөгөө хүүхэд чулуучнаа дор нь олсон. Одооны энэ чулуучин хүүхдүүд их мундаг болсон юм байна. Энэ харандаа дөрвөн талтай. Яг үүн шиг чулуу зүсээд. Чулуу чинь бяслаг биш, хөрөөдөж болдог мод биш. Долоон тохой босгочихоод “За багш аа, одоо яах вэ” гэхээр нь орой дээр нь зүмбэрлэсэн хэлбэртэй, түүнээс доош Их Монголын шуурган нөөлөг эндээс эхэлснийг түүх мартахгүй” гээд, эзэн Чингисийнхээ бичгээр биччихсэн.

Дараа нь манай нутгийн Түмэнжаргал гэж гайгүй сайн зөөлөн чихтэй, ахмадын үгийг аавынхаа үг гэж санадаг хүү бий. Тэр хүүд “Үгүй хүүх ээ, чи юун төлөө Хүрэн бэлчирийн хүү билээ. Тэндээ нууц товчоон дээр байгаа Заг Байдрагийн хүрэн бэлчирт Чингис хаан ингэж буурилав гэсэн бичээсийг бичээд тэнд тавьчих гэлээ. Өө өнөө зөөлөн чихтэй хүү чинь нөгөө хатуу чулууг чинь авчраад, тэндээ авчраад. Гачлантай нь найман зууны тэртээх бичиг дээр бас л нөгөө Цэдэнбал даргынхаа бичгээр хавтайлгачихжээ. Хийгээгүйг бодоход хийсэн байна.

-Тэр үед монголчууд кирилл бичиг хэрэглээгүй байсан?

-Тийм ээ, ингэхээр түүхэн хөшөө биш, зайлуул зарлалын самбартай адилхан болж байгаа юм. Түүнийг хэлтэл өнөө зөөлөн чихтэй хүү чинь найзуудаа авчраад, монголоор бичсэн. Түүгээр үл барам бидний зөнөгүүдээс энэ хойчийн хүүхдүүд чинь хамаагүй ухаантай болчихсон юм байна. Эх хэлээ нарны өндөрт бодно, харь хэлийг сарны өндөрт бодно. Хэл сурах хэрэгтэй. Тэгээд англи хэлээр бас бичээд, жуулчид явахад тэнд сайхан аа даа. За тэгсэн бас дутагдал байна аа, нөгөө хүүхдүүдэд чинь. Чингис хааныхаа буурилсан талд биш, наймны Даян хааны байрласан газрыг Загийнхаа голын баруун талд нь байрлуулж.

-Андуураад уу? 

-Тийм ээ. Дахиад л “Үгүй ээ, миний хүү” гээд хэлсэн чинь нэг мэдэхэд Чингис хаан буурилаад, эр хоёр загалаа услаад, ширгэн дээгүүр нь монгол хүний ёсоор хөл нүцгэн алхаж явсан тэр газарт авчраад тавьчихаж байгаа юм даа. Ямар вэ. Залуучууд ахмадынхаа үгийг сонсож, үйл хэрэг болгож бай гэж дээдсийн сургаалийг дагадаг байдал манай нутагт сайхан хэрэгжиж байгаа юм байна шүү гээд бодлоо. За тэгсэн чинь, хүүе ээ Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойн үе бил үү, эсвэл түүний дараахан намайг Ардын уран зохиолч боллоо гэж манай нутгийнхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн.

Миний өвгөн аав ноёны шатарч. Нэг тоглохдоо бяслагаар шатар зороод, дээд зэргийн урлагтай, идэхээрээ зэрэг үнэнээсээ иддэг. Тэр чулууг авч, авчрахад ямар хүнд байх вэ. Замд яльгүй жаахан донслоход л хугараад, эмтрээд дуусна шүү дээ. Чингис богдын минь хөшөө. Тэрүүний эргэн тойронд Чингисийн есөн өрлөгийн гэрэлт самбар байгуулсан. Түүн дээр есөн өрлөгийн алдар суу гавьяаг хоёр хоёрхон мөрөөр. “Алтан товчоон”-д бэлэн байдаг л даа, тэрнийг нь би хэлж өгөөд.

“ХҮНИЙ ХҮҮ БОЛСНЫХ САНАСНАА БҮТЭЭДЭГ БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮ”

-Авьяас билэг, ур чадвараараа шалгарсан хүүхдүүдэд таныг адуу бэлэглэдэг байсан гэж нутгийнхан чинь ярьдаг юм билээ. Ер нь хэчнээн адуу бэлэглэсэн бэ?

-Миний ээж хэлэхдээ “Нохойн гөлөг болсных зуудаг нь дээр шүү. Хүний хүү болсных санаснаа бүтээдэг байх нь зөв шүү” гэдэг байсан. Бас санаж явснаасаа аар саар боловч нутаг усандаа хэлж, өвлөж, бүтээлгэж явжээ. Тэр байтугай манай Заг сумын дарга нар очсон жуулчин тухлаад суух сайхан чулуун сандал, сэрүүн сэхээвч байгуулсан.

Ардын уран зохиолч болж, их даншиг зохион байгуулахад надад хоёр азарга адуу, хээр азаргатай хээр сүрэг, халиун азаргатай хонгор сүрэг засаг дарга Нэргүй гэж хүү байл уу даа, надад бэлэглэсэн. Би тэндээс нэг ч адуу хороогоогүй. Энэ чинь миний нутгийн буян. Нутагт хүүхдүүд унаж байх ёстой гэж бодсон. Тиймээс хүүхдүүд эрдмийн зэрэг цол хамгаалахад, жишээ нь Болдухайн Оюунцэцэг бил үү эрдмийн цол хамгаалахад нэг мориор шагнаж байсан.

Цолгүй бөхчүүдийн барилдаанд манай нутгийн Батбаяр гэдэг хүү түрүүлэхэд “Миний хүү тэр адуунаас нэгийг аваарай” гэж бэлэглэх жишээтэй. Харин сүүлд Дашдоржийн Цэрэнтогтох улсын начин болоход миний адуу дууссан байсаан. Айлд тавьсан адууг чоно идээд дуусчихдаг юм байна лээ. Ер нь “Айлд тавьсан мал шиг” гэж хэлц гарахад болохоор болсон.

-Орон даяар тэрбум мод хөтөлбөр хэрэгжиж буй. Баянхонгорчууд Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөнд хэр идэвхтэй оролцож байна вэ? 

-Манайх чинь нутгийнхаа өлмийд загтай, тэргүүнд шинэсэн ойтой. Дундаа цуваа бургастай, талдаа бас ганц нэг хайлаастай нутаг шүү дээ. Зүгээр нэг мод тарихын “дон” биш шүү. Эх орноо торгон дээл өмсгөж, гоо бүсгүй болгож байгаагаас дутахгүйгээр гоёж байгаа, угаараар биш агаараар ард түмэн амьсгалахад тэр чигээрээ өгөөж хишгээ өгч байгаа. Ээ тэгээд, ой мод байгаа газар наян хэлийн шувууд чуулдаг шүү дээ. Ангир аагиал, галуу ганганаад, хун хуугиад, шаазгай шагшраад, бүргэд бөөрөөд, ай даа бас сайхан даа.

Хүрээмарал сум нэг ч модгүй, тал хээрийн нутаг. Цагаан эрчист, гэгээн эрчист, буяны эрчист, хамгийн гол нь амин эрчистэй ийм нутаг. Үгүй ээ, тэнд хөөе, усны барилгын Батдорж гэж хүү яг хайрханы ард 55 мод ноднин суулгажээ. Өнөөдүүл нь цэцэрлэгийн өлгий ангийнхан байж байгаад одоо босоод сууж буй юм шиг могдойгоод суучихсан. Туулай, хулгана, үхэр огодой тэсгээдэггүй тул эргэн тойронд нь сайхан хайс барьжээ. Нэгдүгээрт, нарны гэрэл тэр болгон тусахгүй уулын ар дээр. Хоёрдугаарт, дэл хадны нөмөрт учраас дулаан цагт сэрүүн, хүйтэн цагт нөмөртэй.

Цаст Отгонтэнгэрээс манай нутаг руу ордог их цас салхинд ерөөсөө гав ганцхан жалга судагт л овоордог шүү дээ. Улмаар тэндээ хөрсөндөө шингээд, хөрсний усан мөөм болчихож байгаа хэрэг юм. Тэндээс гадна сумын төвөөс буян бодож Жаргалсайхан гэж хүн үе үе торхтой ус авчирч усалдаг юм байна. Их гандуу байгаа үед. Лүн сумын Засаг дарга Даваахүү 13 төрлийн мод ургуулаад, тэрнийх нь нөмөрт чацаргана, үрэл мойл гээд хүүхдүүд түүх болчихсон. Ингээд Монгол Улсын төрийн тэргүүний зарлигийг түмэн олон хот, хөдөөд тийнхүү хэрэгжүүлж байна. Ингээд баярлан бахдах сэтгэхүй магнайны үрчлээг индүүдэж, бага сага алдсыг харж явах юм даа.

“ГАНГААР ХИЙСЭН ГАЛСАН БИШ ШҮҮ ДЭЭ”

-Алтан шар замд дараачийн урилга ирчихээд байна. Гангаар хийсэн Галсан биш шүү дээ. Уг нь аав, ээж төмрийн заводод тусгай захиалгаар бүтээлгэсэн юм шиг сайхан бие бүтээж өгчээ. Гэвч он цагийн элээх жамаар, ялангуяа энэ Улаанбаатарын утааны хордлого, хөрсний хордлого, агаарын хордлого, усны хордлогоос болоод хотынхон, тэр дунд өндөр настнууд зуслангийн зэвэрсэн, сорогдсон яндан шиг болж байгаа үед, хүйтний ам наашилж байгаа үед явах эсэхээ сайн шийдээгүй байна.

Ямартаа ч гэсэн өдий насны өвгөн, аавынхаа “Миний хүү их явж байгаарай. Эмээлт морь гурван сар уяагаа сахивал илжиг шинжийг олдог юм шүү. Эр хүн гэрээ сахиж гурван сар болвол эмгэн шинж олдог юм шүү, явж байгаарай” гэж хэлснийг үргэлж санасаар явж байна.

Явж байна гэдэг хөдөлж байна гэсэн үг. Хөдлөхгүй байна гэдэг хөшиж байна гэсэн үг. Хөшиж байна гэдэг үхэхэд бэлэн болж байгаа гэсэн үг шүү дээ. Хотын шинэ даргатай ярих юм бас их байна. Уг нь дээр үед Удвал багш салбар бүрийг хариуцсан сайд, Улс төрийн товчооны гишүүдээ зохиолчидтой уулзуулж, бүтээн байгуулалтын ажилд анхаарах зүйл юу байна, одоо ямар болов, бэрхшээл юу байна, цөмөөрөө хэрхэн хамтарч, юу бүтээх вэ гэж ярилцдаг байсан.

Одоо Хууль зүйн сайдтай уулзмаар, байна. Болдог юм болов уу, үгүй юу. Бүх юмыг нууцын зэрэглэлд оруулчихсан. Одоо ухаандаа энэ зохиолчдоор “За одоо чи ийм сэдвээр зохиол бич. Энэ нийгэм одоо аюул болж байгаа зүйл шүү. Гэхдээ уран сайхны сэдэв болгохоос биш яг эзэн нэрээр нь явах ёсгүй. Энэ бол манай хөгжлийн хорт өмөн үү болж байна. Ингэж дуудаад, зохиолчдод сэдэв өгөх ёстой байхгүй юу.

“БИ УХААНЫ БАДАР ГУЙХ ҮГ ХЭЛЭХЭЭС МӨНГӨНИЙ БАДАР
ТА НАРААС ГУЙХГҮЙ”

-Та одоо ямар бүтээл туурвихаар төлөвлөж байна вэ? 

-Би Япон, Монголын найрамдалд нэг шинэ юм хийе гэж бодоод, дипломат харилцаа тогтоосны ойгоор уран сайхын кино хамтраад бүтээчихье гэж бодоод байгаа юм. Акира Крусавагийн киноны сургуулийн нарийн технологи байж байна. Болсон үйл явдал. Японы нэг дүрсгүй хүү гэв гэнэтхэн Монгол руу давхиад. Ээж нь “Битгий яв, битгий яв” гээд, Цогт тайжийг ээж нь Гүүш хааныхан довтлох гэж байгааг зөн билгээрээ мэдээд, хорьдог шүү дээ. Тэгэхэд явсантай адилхан манай энд ирээд, овсгоотой нэг нөхөртэй нийлээд, хөдөө яваад, үзээгүй ертөнцөө үздэг. Монгол чинь тийм юм чинь.

Суурьшил иргэний төрх ёс, нүүдэл иргэний аж төрөх ёс хоёр тэс өөр. Магнайгаа хагартал баярлаж яваад, гэнэт осолд ордог. Манайхан гадаадынханд их хайртай. Болчимгүй нөхрийг цаазаар авах нь зүйтэй гэх маягийн юм яриад. Тэгж байтал япон ээж ирээд, “Би ганц хүүгээ алдлаа” гэж. За одоо ч ёстой хатуу нэхнэ дээ гээд бодтол “Үрээ алдах, удмаа таслах яасан хэцүү вэ” гээд уйлаад, “Миний хүүгийн буруу байжээ, ийм учраас та нар монгол хүүг битгий шийтгээрэй. Дахиад нэг ээж миний зовлонг эдэлнэ шүү дээ” гээд.

Эхийн сайхан сэтгэлийн тухай кино хийх гэхэд Өвөрхангайн хуулийн хүнд сурталтнууд, гомдол гаргахад манай прокурорынхон танилцаагүй юм байна гэж би бодсон. Бүр доод талын, суудлын манаач нарын нэг нь “Энэ бол улсын нууцад хамаарна” гээд. Ямар юмных нь улсын нууц байх вэ. Энэ чинь найрамдлын ил бичээс байхгүй юу.

-Энэ удаагийн ярилцлагаа жаргаах мөчийг таны мэдэлд үлдээе ээ!

-Сайд, дарга нар аа, надтай уулзаж байгаач ээ. Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх гуай, УИХ-ын дарга Г.Занданшатар гуай, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуай Дашийн Бямбасүрэн гэдэг ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй тэр том төрийн тэргүүнээс уруудуулаад, өндөр настнуудыг хүлээн авч уулзаад, үгийг нь сонсдог юм байна лээ. Тэр дотор би явж байсан юм шүү. Та нарт тав биш гэхэд гурван хэрэгтэй үг хэлж магадгүй. Түүнээс гадна би ухааны бадар гуйх үг хэлэхээс мөнгөний бадар та нараас гуйхгүй шүү.

-Танд баярлалаа. Зуу насалж, зургаадай таяг тулаарай!

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу