Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн амралтын хоёр өдөр амрах завгүй ажиллав. Бямба гарагт тэрбээр нийслэлд орсон цасыг цэвэрлэх ажилд ханцуй шамлан орж, өөрөө машинаа барин, шөнөжин хотыг тойрсон. Энэ үедээ цахим хуудсаараа лайв хийж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид тоног төхөөрөмж худалдаж авах зэргээр хот тохижилтын ажилд анхаарахаа илэрхийлсэн.

Харин Ням гарагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна очиж, тус эмнэлгийн удирдлагатай уулзан, лайв хийв. Энэ үедээ эмнэлгийн хашаанд барьж буй “Мөргөл уул” компанийн орон сууцны барилгын ажлыг зогсоох тухай дурдаж, тус компанид мэдэгдэл хүргүүлэхээ хэлсэн.

Тэрбээр “Хотынхоо төвд эмнэлэг, сургуулийн хашаанд өндөр барилга бариад байж болохгүй. Нэгдүгээр эмнэлгийн орчимд зогсоолын асуудал ямар билээ. Гэтэл энэ эмнэлгийн хашаанд 20 давхар үйлчилгээтэй, орон сууц барина гээд зогсож байж болохгүй. 2005 онд 450м2 газар авсан ч яваандаа 1360 м2 болж өссөн юм байна.

Цаашид эмнэлэг, сургуулийн газраас газар эмтэлж аваад, барилга барьдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг цуцлах ажлыг хийнэ. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжид дэд төвийн хүрээнд хийгдэх төлөвлөлтөд газрыг нөхөж олгох, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажил хийнэ” хэмээн ярив. 

Ийм байдлаар тэр амралтын хоёр өдрийг өнгөрөөж, амрахгүй ажилласныг зарим иргэд сайшааж, зарим нь “Хотын өмнөх дарга нар ч ийм аргаар ажиллаж байсан” хэмээн шүүмжилж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу