Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон цасан шуурганы улмаас 46 хүн сураггүй алга болсон тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхмаа сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн сураггүй алга болсон 46 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 280 албан хаагч 56 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан. Тодруулбал, 12 аймгийн 24 суманд самарт явсан, модонд явсан, малдаа явсан, отор нүүдлээр явж байгаад сураггүй алга болсон нийт 46 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн найман иргэнийг осгож нас барсан байдалтай байхад нь олсон. Үүнээс нэг нь хүүхэд байсан. Мөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн самарт яваад сураггүй алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Цаашид энэ сарын 7, 8-ны өдрүүдэд баруун аймгуудын зүүн хойд хэсэг , төв болон зүүн аймгуудын зарим нутгаар, 9-нд хангай, хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, зайлшгүй тохиолдолд замд гарах, замд гарахдаа машин техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж, шатах туслах материалыг хангалттай авч явах, дулаан хувцас хэрэглэлтэй болох, бага насны хүүхдийг замд явуулахгүй байх, малаа ойр бэлчээхийг анхааруулж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу