Арабын нэгдсэн эмират улс (АНЭУ)-ын Абу Даби хотноо арваннэгдүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) амжилттай үргэлжилж байна.

Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд 70 гаруй тамирчин оролцож буй юм. Тэд энэ удаад Монголын жюү жицүгийн шигшээ баг гэсэн нэрийн дор оролцож буйгаараа онцлогтой бөгөөд багийн ахлагчаар Г.Монголжин сонгогдсон билээ.

Энэхүү тэмцээний -94 кг-ын жинд “Jump” академийн тамирчин Галсандоржийн Гантулга цэнхэр бүсний ангилалд дэлхийн аварга болов.

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчныг оноогоор, гуравдугаар тойрогт Оман улсын тамирчныг цэвэр, дөрөвдүгээр тойргийн барилдаанд Гүржийн тамирчныг оноогоор ялсан.

Улмаар зооны аваргын төлөө Казахстан улсын тамирчныг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан бол алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчныг 9:3 гэсэн оноогоор ялснаар Дэлхийн аварга боллоо.

Г.Гантулга “Барилдааны үед сэтгэл зүй их тайван байсан. Яг л клубынхээ хаалгыг татаад орж байгаа юм шиг тийм сэтгэл зүйтэй дэвжээнд гарсан. Бид адилхан л хоёр гартай, хоёр хөлтэй болохоор жаахан л хичээх юм бол дэлхийн дэвжээ ойрхон шүү гэдгийг хэлмээр байна. Намайг дэмжсэн бүх үзэгчиддээ баярлалаа. Би та нарын итгэлийг алдахгүй” гэж хэлжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу