Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газа хотыг бүхэлд нь бүслэсний улмаас Газын зурвас хойд болон өмнөд хоёр хэсэгт хуваагдав.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга илүү олон энгийн иргэнд Газын зурвасыг орхин явах боломж олгохын тулд байлдааны ажиллагааны үеэр хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг түр зогсоохыг уриалжээ.

Израилийн тал барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд дайсагналцлыг түр зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Баруун эрэг дэх Палестины эрх баригчдын тэргүүн Махмуд Аббас Газын зурвасын бүх хариуцлагыг хүлээхэд бэлэн байна гэжээ.

Йорданы хаан Абдулла II тус улсын Агаарын цэргийн хүчний онгоцууд Газын зурвас дахь хээрийн эмнэлэгт шүхрээр эм эмнэлгийн хэрэгсэл буулгаж, тусламж үзүүлсэн талаар мэдэгдсэн байна.

Х нийгмийн сүлжээнд “Манай аймшиггүй Агаарын цэргийн хүчин шөнө дундын үед Газын зурвас дахь Йорданы хээрийн эмнэлэгт яаралтай эмнэлгийн тусламж хүргэв” гэж нийтэлжээ. Улмаар “Газын зурваст өрнөж буй дайнд нэрвэгдсэн ахан дүүсдээ туслах нь бидний үүрэг юм. Бид үргэлж Палестин ахан дүүсийнхээ талд зогсох болно” гэж бичсэн байна.

Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй Израилийн дайн эхэлснээс хойш НҮБ-ын 79 ажилтан амь үрэгдэж, 48 байгууламж эвдэрч сүйджээ.

НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг (UNRWA)-ийн мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Газын зурвас дахь тус байгууллагын 48 байгууламж эвдэрч сүйдэн, ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа аж.

НҮБ-аас мэдээлснээр, Газа хотоос 1.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсний бараг тэн хагасыг тус агентлагийн харъяа байгууллагуудад байрлуулсан байна.

“Израилийн эрх баригчид нүүлгэн шилжүүлэх тушаал өгөхөөс өмнө аравдугаар сарын 12-ны байдлаар Газын хойд бүсийн 57 сургуульд бараг 160 мянган хүүхэд байжээ. UNRWA түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн хүмүүст тусламж үзүүлж, хамгаалахын хүсч буй ч эдгээр хамгаалах байранд нэвтэрч чадахгүй байгаа тул тэдний хэрэгцээ, нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа мэдэгдэв.

Тус агентлагийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт UNRWA-ийн таван ажилтан нас баржээ. Аравдугаар сарын 7-ноос хойш нийт 79 ажилтан амиа алдаж, 24 хүн шархадсан байна.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу