Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2023.11.06) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн хурлаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт Нийслэлээс УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл.

Хоёрдугаарт, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилох тухай асуудал. Гуравдугаарт, төсвийн дагалдах хуулийн хүрээнд Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Энэ гурав тусдаа асуудал мэт хэрнээ эцэстээ нэг цэгт огтлолцож байгаа юм.

Монгол Улсад тулгамдаж байгаа олон асуудлаас хамгийн чухал нь авлига, авлигажсан тогтолцоо.  Ил тод бус, өрсөлдөөнгүй, шууд худалдан авалт, борлуулалтаас болж авлига бий болж байна. 

Өрсөлдөөнгүй, шууд худалдан авалт хийснээр ямар их авлига бугшдагийг “Ногоон автобус”, “нүүрсний хэрэг” гэх мэтээс бид улс даяараа харлаа. Гэтэл нийслэлээс орж ирсэн хуулийн төслүүдийн дагалдах хуулийн төслүүдийг харахад нийслэлийн худалдан авалтыг шууд гэрээгээр хийнэ гэж байна. Ямар ч өрсөлдөөн, сонгон шалгаруулалт байхгүй гэсэн үг. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилж байна. Энд бас л ил тод бус, өрсөлдөөнгүй, шууд худалдан авалт явагдаж байна.

Биржийн тухай хуульд “Төрийн болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн бүхий л компаниуд бараа, бүтээгдэхүүн зарахдаа зөвхөн биржээр арилжаална” гэж заасан. Гэтэл одоо орж ирж байгаа нэмэлт өөрчлөлтийн төслөөр “стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд биржийн биш арилжаагаар худалдан борлуулж болно” гэж тусгасан байна.

Нөгөө авлигатай тэмцэнэ гэсэн уриа, лоозон нь хааччихсан юм бэ. Авлигын үндэс болсон далд, нууц, шууд худалдан авалтыг яагаад өөгшүүлээд байгаа юм бэ. Үүний цаана ямар ашиг сонирхол нуугдаад байна вэ. Тэнд БЭТ томилж, шууд худалдан авалт хийх нөхцөл бүрдүүлчихээд, наана нь биржийн хуулийг өөрчлөөд, нүүрсийг биржээр арилжихгүй болгож, нөгөө БЭТ нь шууд худалдан авалтын гэрээг урт хугацаагаар хийх гэж байна.

Ингэж авлигын тогтолцоог, оффшорыг хуульчлах гэж байна. Мянга мянган ногоон автобус шиг хэрэг хийхийн тулд ийм хууль батлах гэж байгаа юм уу гэдэг хардлага байна” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу