Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаан өнгөрсөн мягмар /2023.03.07/ хуралдаж Ардчилсан намын асуудал нэг талдаа гараагүй гэдгийг нотлох нэгэн шийдвэр гаргалаа. Тус хуралдаанаар АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн юм.

Ингэснээр Ардчилсан намын дотоод уур амьсгал зөөлөрч өгөхгүйг байгааг үүнээс харж болно. С.Эрдэнийн хувьд Л.Гантөмөрийг гудамжны хэдэн хүн цуглуулж хуралдаад даргаар сонгогдсон хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ер нь бол өөрийн хүсэл дээр зорилго нэгдэх хүртэл С.Эрдэнэ гэдийсээр байх нь түүний үг, үйлдлүүдээс харагдана. Л.Гантөмөр талын нөхдүүд Улсын дээд шүүхийн шийдвэрээ гаргасан тул бид намын тамга, гэрчилгээгээ шинээр хийлгэж авна хэмээн мэдэгдэж байсан нь талаар болов. Хүсэхэд хясна гэдэг л болж байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж харж байна. Хэдийгээр Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэх шийдвэр гарсан ч АН-ынхан тамга, гэрчилгээгээ хаяж үрэгдүүлээгүй. Харин С.Эрдэнэ л өгөхгүй хэмээн хав дараад хэвтчихсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нарын зүгээс “хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр хүсэлт өгсөн тул “хаяж үрэгдээгүй” гэдгийг нь улс даяараа мэдэж байхад шүүх яасан гэж гэрчилгээ шинээр олгуулах юм. Тиймээс Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр тэргүүтнүүд өдрөөс өдөрт буланд шахагдаж байгаа С.Эрдэнэ, Д.Ганбат нартай ойлголцож байж гэрчилгээ, тамгаа авч таарах нь.

Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэсэн цагаас хойш үнэндээ С.Эрдэнийг тоох хүнгүй болсон. “Тэр тамгыг Эрдэнэд үүрд хадгалуулья” гэх мэтчилэн бичицгээж байв. С.Эрдэнэ намын гэрчилгээ, тамгаа үүрд хадгалах юм бол үүрд ийм байдал цааш үргэлжилэх юм байна гэдэг нь Захиргааны хэргийн танхимын шийдвэрээр баталгаажсан. Тиймээс С.Эрдэнийгээ гуйна уу, дээрэмдэнэ үү ямар нэгэн байдлаар Л.Гантөмөрийн талынхан өөрсдөдөө гэрчилгээгээ авах нь нэн тэргүүний асуудал болов.

Одоо бол С.Эрдэнэ намын дарга биш. Гэхдээ түүнд тамга, гэрчилгээ бий. Ардчилсан намын хувь заяа хаашаа эргэж ч болох хөзөр түүнд байсаар байна гэсэн үг. Харин Ардчилсан намын өмнөөс шийдвэр гаргах бүх эрх мэдэл Л.Гантөмөрт очсон. Гэхдээ аль ч шийдвэрээ баталгаажуулах тамга, намын гэрчилгээ түүнд алга. Хоёр талд нэг нэг хөзөр атгасан хүмүүс л суугаад байна.

С.Эрдэнэ, Д.Ганбат нарын эцсийн зорилго нь ирэх сонгуульд намын жагсаалтын эхний 5-д бичигдэх л юм билээ. Тиймээс Л.Гантөмөр гөжүүдлээд байлгүй цаад хоёрыгоо хүсээд байгаа жагсаалтынх нь дээгүүр бичих тохироогоо хийгээд гэрчилгээ, тамгатай болдоггүй юм уу. Өөрийгөө жинхэнэ намын дарга гэдгээ тэгж албан ёсоор баталгаажуулахгүй юм уу.

С.Эрдэнийн жагсаалтад орох хүсэл, Л.Гантөмөрийн намын гэрчилгээгээ авах хясал хоёр Ардчилсан намын цаашдын хувь заяаг шийдэх нь дээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу