Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2023.11.06) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн Мягмар гарагт УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороо хуралдсан. Энэ үеэр би хоёр, гуравхан үг хэлтэл Сангийн сайд Б.Жавхлан намайг дандаа улс төржиж байдаг гэж хэлээд, гараад явсан. Би үнэнийг л хэлсэн. 

Засгийн газар эхлээд зарлагаа зурж, УИХ, Засгийн газрын гишүүдийн хүслийг жагсаан бичиж байна. Дараа нь орлогоо зурж байна. Эхнэр, нөхөр хоёр эхлээд өрхийн орлогоо тооцож, үүнийгээ харгалзаж, зардлаа төлөвлөдөг. Приус автомашин авна гэж эхэлж биччихээд, орлогоо сугалаанаас олно гэж төлөвлөдөггүй биз дээ. Засгийн газар яг үүн шиг ажиллаад байна. 60 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөөд, түүндээ маш өндөр үнэ тавьчихсан. Хэрэв 60 сая тонн нүүрс гарахгүй бол яах юм бэ. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ уначихвал яах вэ. 

2021 онд 14 их наяд төгрөгийн зарлагатай байсан Монгол Улсын төсвийн зарлага өнөөдөр 27.4 их наяд төгрөг болоод, хоёр дахин нэмэгдчихлээ. 2020 оны сонгуулиар иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Гэтэл иргэд ядуурч, дарга нарын зардал хоёр дахин өсчихсөн байна. Тэд үүнийгээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын өрийг нэмэгдүүлдэг. 

Энэ оны төсөвт тусгагдсан 241 төсөл, арга хэмжээг царцаавал 927 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн дүгнэлтийг УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороо гаргасан. Мөн урсгал зардал маш их нэмэгдсэн. Сайд нарын урсгал зардлыг нэмж, учир утгагүй хурал зөвлөгөөн хийдэг болсон. Өдөр болгон, хаа сайгүй хурал болж байна.

Орон нутгаас хүмүүс авч ирж, “UG Arena”-г дүүргэж байгаад, “Та нарын зардлыг дааж, хот үзүүллээ.  Амралтын газар, зочид буудалд байрлууллаа. Тор дүүрэн бэлэг өгсөн шүү. Тийм учраас 2024 оны сонгуульд манай намд санал өгөөрэй. Нутагтаа очиж, хүмүүст нөлөөлөөрэй” гээд явуулж байна. Ийм байдлаар төсвийн мөнгийг урсгаж байна. Хурал, чуулган хийгээд хөгжсөн улс хаана байна вэ. Монгол хөгжиж байна уу. Төсвийн урсгал зардлаа хэмнэх шаардлагатай байна” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу