Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2023.11.06) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, 2024 оны төсвийг бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн саналыг сонссон. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсож, хагалах шаардлагатай зарим асуудалдаа санал хурааж, нэгдсэн шийдэлд хүрлээ. 

Төсөвтэй холбоотой Ажлын хэсгийг би ахалж байна. Нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэй. Бид хэд хэдэн чиглэлийн зарчмын өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэж байна. 

Нэгдүгээрт, орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцэтгэлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа ДНБ-ий 2.8 хувийн алдагдалтай байхаар оруулж  ирсэн. Үүнийг 2 хувь руу оруулахаар тооцоолж, 590 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах шаардлага байна гэж үзлээ.

Хоёрдугаарт, төсвийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлыг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ талаар Ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Маргааш Байнгын хороо хуралдаж, илүү тодорхой ярина. 

Гуравдугаарт, өнөөдөр бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд санал гаргасан. Тодруулбал, Засгийн газраас 2024 оны төсвийг өргөн барихдаа ирэх оны дөрөвдүгээр сараас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Үүгээр тооцоолоход бага тэтгэвэр авагчдын тэтгэвэр 55 мянган төгрөгөөр л нэмэгдэхээр байгаа юм. Тиймээс үүнийг хувиар биш, тоогоор гаргах ёстой юм байна гэж үзээд, иргэдийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Үүнд мөнгөний эх үүсвэр шаардлагатай болно” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Түүний өгсөн мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу