Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /223.11.06/ хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр уг хуулийг судлах, бэлтгэх Ажлын хэсгийг ахалж буй юм. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ-д өргөн баригдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт хамаарах бүх заалтад “магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй” гэж тусгасан. Үүнийг Ажлын хэсэг дээр яриад, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэг болоод Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт байдаг Улс төрд нөлөө бүхий албан тушаалтантай холбоотой гурван заалтад өршөөл үзүүлэхгүй байх, хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар боллоо. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт хамаарах бүх заалтад биш, гурван заалтад л магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэж өөрчлөлт оруулна гэсэн үг.  

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан хуульд оруулж ирсэн. Үүнийг хасах нь зүйтэй гэж өнөөдрийн бүлгийн хурлаар үзлээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Сэтгүүлчдийн шүүмжилж байсанчлан мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийг задруулсан асуудал нь зөвхөн эрх бүхий субъектэд хамаарна. Түүнийг олж авч байгаа хүмүүст хамаарахгүй. Тиймээс энэ талаар заалтыг хуульд оруулахгүй байхаар боллоо. 

Одоогийн хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа. Засгийн газраас өргөн барьсан хуульд ийм зөрчил гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэж, хорих ял оноодог байхаар тусгасан. Энэ асуудлыг ажлын хэсгийн хурлаар ярьж, эхний удаад шууд хорихгүйгээр зөрчлийн хуулиар тухайн жолоочийн эрхийг хасах, торгох, эсхүл 7-30 хоног баривчлах зэрэг арга хэмжээ авна. Давтан үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцож, ял оноодог байя гэж бүлэг дээр дэмжлээ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу