Эрх баригч МАН-ынхан ирэх сонгуулийг угтаж нэг мэргэн санаа олсон нь ирэх оны дөрөвдүгээр сард ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх байж таарав. Үүнийгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Ахмадууддаа Монголын төр гар тэнийлгэх болсон санаачилга нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх юм байна. Ахмадуудын тэтгэвэр харилцан адилгүй байдаг бол тэгшитгэнэ гэж үргэлж ярьж ирсэн тэд энэ удаа их, багыг үл хамааран 100 мянган төгрөгөөр нэмэхээр болжээ.

МАН-ынхан сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог нь ахмадууд гэдгийг мэднэ. Тиймээс сонголтыг нь өөрсөд рүүгээ татахын тулд ийм шийдвэрт хүрсэн байх юм.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ахмадуудын талх, сүүний үнэ хамгийн ихээр өсөж буй. Тэтгэврийг нэг удаа 100 мянган төгрөгөөр нэмлээ гэхэд үүнийг даган өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ улам л тэнгэрт хадаж, нэмэр биш нэрмээс болно гэдгийг мэдэж байгаа ч өнгөн дээрээ “100 мянгаар нэмнэ” гэдэг үгээр тоглолт хийхээр шийдэж.

Монгол Улсад өнөөдөр 400 гаруй мянган ахмад тэтгэвэр авч байна. Тиймээс 400 мянган саналыг халааслах хамгийн бодит шийдэл нь тэтгэвэр нэмэх болж байгаа юм. Тиймээс инфляци хөөрөгдөх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэд улам туйлдана гэдгийг мэдсэн ч сонгууль угтсан уг шийдвэрээ хамгийн зөв алхам гэж тэд үзэж байгаа аж.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу