Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонины нийтлэлч Тон Те Гван “Солонгосын Хөдөлмөрийн намын удирдагчийн удирдлага дор БНАСАУ-ын цөмийн хүчин эрчимтэй хөгжиж, дэлхийн хамгийн хүчирхэг хүчний түвшинд хүрсэн” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тус улс өнгөрсөн тав, наймдугаар сард цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхийг оролдсон нь бүтэлгүйтсэн. Үүний дараа Пёньян гурав дахь оролдлогоо хийхээр бэлтгэл ажил нь хангагдаж бараг бэлэн болсон талаар шинжээчид таамаглаж буй энэ үед дээрх “мэдэгдэл” гарав.

Тон Те Гван нийтлэлдээ Ким Жон Уны энэ жил гаргасан ололт, амжилтыг сурталчлахын тулд “Хвасон” тив алгасагч баллистик пуужин харвасан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй есдүгээр сард Оросын Алс Дорнодод хийсэн дээд хэмжээний уулзалт зэрэг Пёньяны томоохон өдөөн хатгалга, үйл явдлуудыг дурджээ.

Хойд Солонгос өнгөрсөн Ням гарагт “Хвасон-17” тив алгасагч баллистик пуужинг хөөргөх туршилт амжилттай болсныг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг “Пуужингийн салбарын өдөр” болгон тэмдэглэхээр болсныг мэдэгдсэн байна.

Тон Те Гван Хойд Солонгосын дэглэмийг сурталчлах үүрэг гүйцэтгэдэг нийтлэлч гэдгээрээ алдартай. Түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын алдартай эмэгтэй нэвтрүүлэгч Ри Чун Хигийн хамтаар Пёньянд голын эрэг дээрх шинэ байраар шагнажээ.

Эх сурвалж: RODON SHINMUN, YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу