Волейболын Үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Энэ үеэр бид “Натур Мед Толун” клубын тамирчин Эрдэнэбаярын Энх-Амгалантай ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрж, өссөн. 23 настай. Довтлогчийн байрлалд тоглодог. 

-Дээд лигийн тоглолтууд ширүүн болж, ордны уур амьсгал халуун байна. Танай баг одоогоор нэг ч хожигдолгүй, тэргүүлж яваа. Бэлтгэлээ хангалттай хийсэн үү?

-Манай баг энэ жил том зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн. Тэмцээнээ ч маш амжилттай эхлүүлээд явж байна. Бид 2021 онд Дээд лигийн аварга авсан. Харамсалтай нь, 2022 онд цомоо алдчихсан. Тийм болохоор энэ жил аварга болж, цомоо буцааж авахыг хичээж байна. 

-Та хэзээнээс волейболоор хичээллэж эхэлсэн бэ?

-Найман настайдаа волейболд дурлаж, тоглож эхэлсэн. Одоо 15 дахь жилдээ хичээллэж байна. Би Сэлэнгэ аймгийн Орхон сумынх. Суманд ах, эгч нарынхаа тоглож байгааг хараад, энэ спортод дурлаж орсон. Манай сум цөөхөн хүн амтай мөртлөө волейбол тоглохгүй хүн гэж байдаггүй юм. Тренд спорт гэх юм уу даа. Энд тэнд хүмүүс байнга л тоглож байдаг. Тийм болохоор өөрийн эрхгүй татагдаж орсон.

Волейболын спортын юу нь сайхан санагддаг вэ?

-Волейбол бол маш цэвэрхэн спорт. Биеийн хүчний контакт, мөргөлдөх, зууралдах зүйл байхгүй. Багаар ажиллаж сурна. Тэсвэр тэвчээр, хатуужил, хүмүүжил гээд авах зүйл маш их.

-Таны хувьд волейболын үндэсний шигшээ багт байдаг. Энэ жил шигшээ багийн тамирчид гадагшаа олон тэмцээнд явлаа. Олон улсын тамирчидтай өрсөлдөх танд ямар санагдсан бэ?

-2019 оноос Дээд лиг эргэж ирээд, жил ирэх тусам сэргэж байна гэж харж байна. 2021 оны лигийн дараагаас Үндэсний шигшээ баг бүрдүүлж, гадагшаа хэд хэдэн тэмцээн, уралдаанд явсан. Манай шигшээ баг амжилт гаргаад, мундаг тоглоод яваа. Миний хувьд мөрний бэртэлтэй байсан учраас сүүлийн хоёр тэмцээнд явж чадаагүй. 

-Дээд лигийн дараа юу хийх вэ. Төлөвлөсөн зүйл бий юу?

-Одоохондоо лигтээ анхаарал хандуулж байгаа учир дараагийн ажлаа төлөвлөөгүй байна.

-Үзэгч, дэмжигчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Дэмжигчид бол спортын нэг том хэсэг. Тийм болохоор ирж, баг тамирчдаа сайн дэмжээрэй гэж хэлье.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ.

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу