Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Израилийн агаарын цохилт эрчимжиж, Газын зурвас “хүүхдийн оршуулгын газар” болж байгааг анхаарууллаа. Тэрбээр нэн яаралтай гал зогсоох шаардлагатайг онцлов.

НҮБ-ын агентлагууд өмнө нь хийсэн хамтарсан мэдэгдэлдээ, Газад болж буй мөргөлдөөний улмаас энгийн номхон иргэд амиа алдсаар байгаа нь “аймшигтай” юм гэж мэдэгдсэн билээ. Мөн Газын зурваст Израилийн агаарын цохилт эрчимжиж, Хамас-ын дэд бүтцийг онилж, энгийн иргэдийн амь нас хохирч байгааг зэмлэн буруушаасаар буй юм.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хамас”-тай хийж байгаа дайн тулааныг түр зогсоох саналуудыг няцаасаар байгаа билээ.

Тус улсын батлан хамгаалах хүчин болон “Хамас” бүлэглэлийн хоорондох дайн тулаан тав дахь долоо хоногтоо оров. Энэ үед Тель-Авивт хүрэлцэн очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзах үеэрээ Нетаньяху өөрийн байр сууриа дахин нотолсон байна.

Блинкен Газын зурвас руу илүү шуурхай бас ахиу хэмжээгээр тусламж нэвтрүүлэх үүднээс хүмүүнлэгийн зорилгоор дайралт довтолгоогоо түр зогсоохыг Израильд уриалж, өнөөгийн байдал палестинчуудыг хэт туйлшрал руу улам түлхэж, хямралыг эцэслэн шийдвэрлэх зорилготой энхийн яриа хэлэлцээ сэргэх аливаа боломж нөхцлийг үгүй хийнэ гэдгийг мэдэгджээ.

Нетаньяху “Ажиллагааг бүх хүчин чадлаараа үргэлжлүүлэхээ бид хэдийнэ мэдэгдсэн. Израиль улс барьцааны хүмүүсийг буцаан авчрахаас нааш түр гал зогсоохоос татгалзаж байна. Израиль Газын зурваст түлш шатахуун оруулахыг зөвшөөрөхгүй, мөн санхүүжилт оруулахын эсрэг байна” гэж мэдэгджээ.

“Хамас” бүлэглэл өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Израильд халдлага үйлдэх үедээ Израилаас 250 орчим хүнийг барьцаалж, Газын зурваст хорьж буй юм.

Өдгөө Газын зурвас даяар Израилийн цэргийн өргөн хүрээтэй дайралт үргэлжилсэн хэвээр байна. Газын зурвасын “Аль-Шифа” эмнэлгийн гадаах түргэний машин руу Израилийн хүчнийхэн пуужингаар харвасны улмаас 15 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгджээ.

Израилийн батлан хамгаалах хүчин уг түргэний машиныг “Хамас”-ын дайтагчид ашиглаж байсан тул цохилт өгсөн гэж мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газа дахь түргэний машинуудад халдсан Израилийн халдлагыг “аймшигтай” гээд, хямралыг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.

Газын зурвасын ЭМЯ-наас аравдугаар сарын 7-ноос хойш 9227 палестин амь үрэгдсэн талаар мэдээлжээ. Газын зурвас дахь НҮБ-ын тусламжийн агентлагийн тэргүүн Томас Вайт сүүлийн хэдэн долоо хоногт Газын зурвас бүхэлдээ “үхэл, сүйрлийн дүр төрх”-тэй болж, “аюулгүй гэж болох нэг ч газаргүй болсон” гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр орох оронгүй болсон хүмүүсийг хамгаалалтдаа авах агентлагийнх нь нөөц боломж шавхагдсаныг мэдэгджээ. Нийт 600 мянга гаруй хүн агуулж байгаа НҮБ-ын хоргодох байруудын 50 гаруй нь одоогийн байдлаар дайн тулааны хөлд өртсөн бол, 5 нь шууд онилсон цохилтын бай болсон учир өөр бусад нь ч аюулд өртөхгүй гэх баталгаагүй байгааг анхааруулав.

Израилийн арми өнгөрсөн Даваа гаригт “24 цагийн дотор танк эсэргүүцэх пуужин хөөргөх талбай зэрэг Хамас бүлэглэлийн 450 объектыг бут ниргэсэн гэж Даваа гарагт мэдэгдсэн байна.

Израилийн кампанит ажил эхэлснээс хойш Газын зурваст 10022 хүн, түүний дотор 4104 хүүхэд амь үрэгджээ гэж “Хамас”-ын Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Хамас Израилийн 1400 гаруй хүнийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалсны дараа Израиль Газыг бөмбөгдөж эхэлсэн.

Хамас Израиль руу дайрсан аравдугаар сарын 7-ны харгис хэрцгий үйлдлээс хойших 30 хоногт буюу тус улс орны үндэс суурийг ганхуулсан үйл явдлуудыг эсэргүүцэн хэдэн зуун израиль цуглаж, 1400 лаа асааж, еврейчүүдийн гашуудлын залбирал болох Каддишийг уншжээ.

Тэдэнтэй өдгөө тэргүүлэх улс төрч, нэгэн цагт Израилийн батлан ​​хамгаалахын штабын дарга байсан Бенни Ганц нэгджээ. Тэрбээр Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг хатуу шүүмжилдэг байсан ч өдгөө түүний танхимд сууж буй юм.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу