АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп ирэх жилийн сонгуульд дахин ялалт байгуулбал Оросын Украины эсрэг эхлүүлсэн дайныг 24 цагийн дотор зогсооно гэж мэдэгдсэн. Үүний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Доналд Трампыг Украинд айлчлахыг урьсан байна.

Зеленский өнгөрсөн Ням гаригт цацагдсан, NBC телевизийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Трампын мэдэгдэлд эргэлзэж буйгаа хэлээд, Оросын түрэмгийллийн цар хүрээг нүдээр үзэхийг хүсэж, Украинд айлчлахыг урьжээ.

Тэрбээр “Хэрэв тэр энд ирж чадвал Ерөнхийлөгч асан Трампад энэ дайныг удирдаж чадахгүй гэдгээ тайлбарлахад надад 24 минут хэрэгтэй болно. Тийм ээ, 24 минут. Тэр Путинээс болоод амар амгаланг авчирч чадахгүй” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны эхээр Украинд айлчилсныг сайшаагаад, “Тэр энд байхад л ойлгож болох зарим нарийн ширийн зүйлийг ойлгосон гэж бодож байна. Тиймээс би Ерөнхийлөгч асан Трампыг урьж байна” гэжээ.

Трамп өнгөрсөн тавдугаар сард CNN-д ярилцлага өгөхдөө “Хэрэв би Оросыг бүхэлд нь эзлэн түрэмгийлж эхлэх үед ерөнхийлөгч байсан бол дайн гарахгүй байсан. Хэрэв би дахин сонгогдвол нэг өдрийн дотор мөргөлдөөнийг зохицуулж чадна” гэж мэдэгдсэн байна.

Трамп “Би Путинтэй ч, Зеленскийтэй ч уулзана. Тэд хоёулаа сул болон давуу талтай. Тэгээд 24 цагийн дотор тэр дайныг эцэслэн шийдвэрлэх болно” гэжээ.

Украины цэргийн дарга, генерал Валерий Залужный “The Economist” сэтгүүлд бичсэн эссэдээ Украин Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийг 20 гаруй сарын турш эсэргүүцэж буй бөгөөд өдгөө мухардалд орсон тул цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай талаар бичсэн байна.

Зеленский NBC-д ярилцлага өгөхдөө “Бид санаачлагыг гартаа атгасан хэвээр байна. Бүрэн хэмжээний дайн, хоёр жилийн дайн ямар байдгийг та төсөөлөөд үз дээ. Хүн бүр ядардаг. Төмөр хүртэл ядардаг. Гэсэн хэдий ч би дайчдаараа, ард түмнээрээ, тэдний хүч чадлаар бахархаж байна. Манай ард түмэн ялах маш их хүсэл эрмэлзэлтэй байна” гэж хэлжээ.

Украин өнгөрсөн зуны эхэн сард сөрөг довтолгоогоо эхлүүлснээс хойш хэсэгхэн газар нутгаа эргүүлэн авч чадсан байна. Мөн Украины Оросын байлдааны хөлөг онгоцууд болон Крымын боомтууд руу хэд хэдэн удаа амжилттай цохилт өгчээ.

ОХУ-ын хувьд Украины нутаг дэвсгэрийн бараг тавны нэгийг эзэлж, сүүлийн хэдэн долоо хоногийн турш Донецкийн Авдвиика, Вухледар, Харьковын Купянскийн ойролцоо зүүн зүгт шинэ довтолгоонууд хийсэн байна.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу