ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын “Гвоздь” худалдааны төвд энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө гал гарчээ. Тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, энэхүү худалдааны төвийн 10000 ам метр талбай бүхий дээвэр нурсан байна.

Гал унтраах ажилд 164 хүн, 48 техник хэрэгсэл оролцож байгаа бөгөөд тус төвийн зэргэлдээх гудамжуудад трамвайн хөдөлгөөн зогсож, автомашины түгжрэл үүсчээ.

Тус худалдааны төвд голдуу тавилгын үзэсгэлэн худалдаа явагддаг бол ойролцоо нь саун, машин угаалгын газар, авто үйлчилгээ, зочид буудал зэрэг 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.

Онцгой байдлын яамны ажилтнууд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар ойролцоох станцад гарсан асуудалтай холбоотойгоор барилгад гал гарсан гэж таамаглажээ. Прокурорын байгууллага хэргийн шалтгааныг тогтоох шалгалтаа үргэлжлүүлж буй юм байна.

Өглөөний 09.50 цагийн байдлаар 22000 м.кв талбайг хамарсан галыг цурманд оруулж, тархалтыг зогсоожээ.

Эх сурвалж: ВЕСТИ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу