ОХУ-ын Хэрэглээний геофизикийн хүрээлэн (IPG)-гээс дэлхий дээр хүчтэй соронзон шуурга болсон талаар мэдээлжээ. Тус хүрээлэнгийн мэдээлэлд, энэ сарын 5-ны өдрийн үдээс хойш соронзон шуурга бүртгэгдсэн талаар дурдсан байна.

IPG-ийн сансрын цаг агаарын ажиглалтын мэдээлэлд дурдсанаар, соронзон шуурганы далайцын түвшин “G3” буюу “хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрчээ. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг байна. Үүнд:

G1 – сул, зарим тохиолдолд хүчдэлийн өсөлтийг үүсгэдэг;

G2 – дунд зэрэг, зарим тохиолдолд хүчдэлийн уналт үүсгэдэг;

G3 – хүчтэй, эрчим хүчний системд шууд нөлөөлж, хиймэл дагуулын навигаци, радио холбооны тасалдал үүсгэдэг;

G4 – хүнд, энэ түвшинд хүчдэлийн хяналт, хамгаалалтын төхөөрөмж алдаатай заахад хүргэдэг,

G5 – туйлын өндөр түвшин буюу эрчим хүчний сүлжээнд маш хүчтэй, томоохон хэмжээний асуудал үүсч, хиймэл дагуул, радио холбооны үйл ажиллагаа зогсож, ноцтой доголдол үүсгэдэг байна.

Соронзон шуурга “G3” түвшинд байх үед дэлхий дээр эрчим хүчний системд асуудал гарч болзошгүй аж. Тодруулбал, эрчим хүчний гал хамгаалагчийн хуурамч дохиолол, мөн тосон трансформатор “буцлах” аваарын горимд шилжлээ гэсэн хуурамч дохиолол үүсэж болзошгүй юм байна.

Түүнчлэн хиймэл дагуулын болон нам давтамжийн байршил тогтоох радио системд тасалдал гарч, өндөр давтамжийн радио холбоо тасарч болзошгүй аж. Мөн дэлхийн дунд өргөрөгт туйлын туяа ажиглагдах магадлалтай. Эрдэмтэд өмнө нь Наран дээр М ангиллын хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсныг бүртгэж авчээ.

Нарнаас “хөөгдсөн” цэнэгтэй бөөмсийн урсгал секундэд 400 км-ийн хурдтайгаар дэлхийн соронзон орон руу нэвтэрч чаддаг. Энэ урсгал манай гаригийн соронзон оронтой тулгарах үед биднийг эдгээр цэнэглэгдсэн бөөмсүүдийн ихэнхээс хамгаалдаг соронзон мандлын бүс үүсгэдэг байна.

Гэвч нарны салхи онцгой хүчтэй, эсвэл тодорхой чиглэлд чиглэсэн үед энэ нь соронзон мандалд нэвтэрч, дэлхийн соронзон орны түр зуурын өөрчлөлт үүсгэдэг бөгөөд үүнийг соронзон шуурга гэж нэрлэдэг ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу