2023 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20033.6 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 2898.6 сая ам.доллар буюу 16.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 4914.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортод 12474.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.3 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 10719.0 сая ам.доллар буюу 85.9 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 659.9 сая ам.доллар буюу 5.3 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 408.3 сая ам.доллар буюу 3.3 хувийг тус тус эзэлж, эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.

2023 оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр,  цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 99.2 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.5 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 79 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 90.8 хувь, Швейцар-т 4.5 хувь, БНСУ-д 1.1 хувь тус тус ногдож нийт экспортын  96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 7559.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 458.5 сая ам.доллараар буюу 6.5 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг реимпорт эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1459.9 сая ам.доллар буюу 19.3 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1713.9 сая ам.доллар буюу 22.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1486.6 сая ам.доллар буюу 86.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 823.8 сая ам.доллар буюу 31.0 хувийг эзэлжээ.

Мөн авто агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 1374.2 сая ам.доллар буюу 18.2 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 735.6 сая ам.доллар буюу 9.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 414.2  сая ам. доллар буюу 5.5  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.7 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 38.3 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 36.1 хувь, Турк-д 16.0 хувь, Япон-д 13.0 хувь, БНСУ-д 10.6 хувь  тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 50.2 хувь, БНХАУ-д 11.9 хувь, БНСУ-д 10.5 хувь, Япон-д 8.8 хувь ногджээ.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 155.3 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл  БНХАУ-д 71.5 хувь, ОХУ-д 7.6 хувь, БНСУ-д 5.9 хувь, Энэтхэг-т 3.8 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 46.7 хувийг  БНХАУ-с, 43.0 хувийг АНУ-аас, 4.8 хувийг Энэтхэгээс тус тус олгожээ.

Нийт 108.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 75.0 хувь, БНХАУ-д 19.9 хувь тус тус ногдож байна.

Монгол Улс дэлхийн 157 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.3 хувь;  ОХУ-д 25.7 хувь;  Япон-д 7.8 хувь; БНСУ-д 4.5 хувь;  АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.5 хувийг эзэлжээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, гадаад худалдааны 2023 оны эхний 10 сарын гүйцэтгэлийг экспортын 525662, импортын 251641 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргасан байна. Үүнээс тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 27408, импортын 1092 мэдүүлэг байжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу