“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалттай Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан хурлын үеэр уулзаж, улс төрд жендэрийн тэгш байдлыг хангах шаардлагатай эсэх, телевизийн нэвтрүүлгийн үеэр гаргасан маргааны хэрэг ямар шатандаа яваа талаар ярилцлаа. 

-Жендэрийн тэгш байдлыг хангах талаар хуулийн зохицуулалт байдаг ч улс төрийн намууд хэрэгжүүлдэггүй, тайлангаа өгдөггүй гэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Жендерийн хууль гэж гаргаж ирээд, улс төрийн намууд, төрийн байгууллагуудад шаардлага тавиад байх нь өрөөсгөл. Энэ бол албадлагаар шийдэгддэггүй, ухамсрын асуудал. Тэгэхээр үүнийг дээрээс нь харж, хуулиар зохицуулахаас илүү хүмүүсийг доороос нь хөгжүүлэх, ялангуяа эрх зүйн мэдлэг боловсролтой, эрх, эрх чөлөөгөө мэддэг болгох хэрэгтэй байна. Иргэд хуулиа мэдээд эхэлбэл хүйс харгалзахгүйгээр хүний эрх хангагдана.

Нөгөө талаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль гэж гаргаж ирснээр зарим талаараа хүмүүсийг хүйсээр нь хувааж, хэрүүл үүсгээд байх шиг. Жендэрийн үндэсний хороонд тайлангаа гаргаж өг, тэгэхгүй бол төрөөс олгох санхүүжилтийг чинь өгөхгүй гэх байдлаар албадлага хэрэглэж, эмэгтэй хүнийг хүндлэх шаардлага тавьж байгаа нь нэг талаараа учир дутагдалтай.

-Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд түлхүү ажиллах ёстой гэсэн ойлголт нийгэмд бий болоод байна. Улс төрд эрэгтэй хүн хүч үзэх ёстой гэх хандлага зөв үү? 

-Улс төрийн нам гэдэг тодорхой зорилгын дор нийлсэн хүмүүсийн нэгдэл. Ийм хүмүүсийг хүйсээр нь ялгаварлаж, тоо тавьж болохгүй. Жендэрээс шалтгаалж асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, шүүх, прокурорын байгууллагын хэсгийн ахлагч нарын дунд судалгаа хийхэд 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна. Энд эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байснаар шударга байгаа юу гэвэл эргэлзээтэй. Нийгмийн чанар, шударга ёс жендэрээс шалтгаалдаг гэж үзэх нь өрөөсгөл. 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тусгасан. Таны хувьд квот тогтоохын эсрэг байр суурьтай байдаг юм байна. Хууль нэгэнт батлагдсан. Ямар үр дүн гарах бол?

-Аргаа барсан зүйл хийж байна. Манай намны тухайд жендэрийн тэгш бус байдлын асуудал байхгүй. Намын гишүүдийн маань 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Шүүх, хуулийн байгууллагын буруугаас хэлмэгдэж, хохирсон хүмүүсийн дуу хоолойд тулгуурлаж, бид зохион байгуулалтад орсон.

Хүний эрхийн зөрчлийн асуудлыг судлаад үзэхэд эрх нь зөрчигдсөн хүмүүсийн хойноос ээжүүд л явдаг юм билээ. Тийм ч учраас манай “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын хүний төлөө намын гишүүдийн дийлэнх нь зовлон, зүдгүүр туулсан, хэлмэгдсэн, хохирсон, өр ширэнд орсон хүмүүс байдаг юм.

УИХ-ын өмнөх сонгуулиар манай нам Монголын Консерватив намтай эсвэл болж, 70 хүнийг нэр дэвшүүлсэн. Үүний 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан. Эрх барьж байгаа бусад намуудад л асуудал байдаг байх.

Тулгамдсан асуудлаа хөндөөд, сайхан нийгэм бүтээчих юмсан гээд зүтгэж байгаа хүмүүс илүү тууштай, үзэл бодолдоо үнэнч явдаг чанар нь эмэгтэйчүүдэд илүү байх шиг байна. Эрэгтэйчүүд асуудлыг дундаас нь орхиод байдаг бол эмэгтэйчүүд нэг зүйлийн араас тууштай хөөцөлддөг. Тиймээс эмэгтэйчүүддээ уриалж хэлмээр байгаа юм. Нийгмийн оролцоогоо нэмэгдүүлж, идэвх чармайлт гаргаарай. 

-Та өнгөрсөн жил “Парламент” телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ХҮН намын гишүүн Д.Үүрцайхтай маргалдаж, гар зөрүүлсэн. Энэ асуудлаар байцаалт авахаар цагдаагийн байгууллагаас таныг хэд хэдэн удаа дуудсан боловч очоогүй. Тиймээс хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилж, цагдан хорилоо гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Эхлээд тэр маргааны тухай ярья. Би Үндсэн хуулиа хамгаалж л тэр хүнтэй маргалдсан. Тэр хүн Монгол Улсын Үндсэн хууль муу учраас иргэд нийгмийн амьдралд оролцдоггүй гэх агуулгатай зүйл ярьсан юм. Үнэндээ бол гудамжинд байгаа иргэд байтугай төрд ажиллаж байгаа хүмүүс Үндсэн хуулиа мэдэхгүй байна шүү дээ. Үндсэн хуулиа уншиж судлаагүй байж сайн мууг нь мэдээд, нийгмийн амьдралд оролцох эсэхээ шийднэ гэж байхгүй.

Үндсэн хуулиа хамгаалах нь Монгол Улсын иргэний үүрэг. Уг хуулийн 17-р зүйлд Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах үүрэгтэй гээд заачихсан. Эх орноо хамгаална гэдэг нь Үндсэн хуулиа хамгаалахаас, эх оронч байхаас эхэлнэ. 

-Хичнээн хуулиа хамгаалсан ч эфирийн үеэр гар зөрүүлснийг тань олон нийт шүүмжлээд байна л даа. Мэтгэлцэж болоогүй юм уу? 

-Үндсэн хуулиа хамгаална гэдэг эцэстээ талбай дээр гарч, чулуу шидэлцэх үү, долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал дахин болох уу гэдэг асуудлыг үүсгэнэ. Улс төрийн намууд угаасаа хоорондоо тэмцэлддэг. Цагаа тулбал зэвсэг бариад хоорондоо тэмцэлдэх бүтцүүд.

-Тийм учраас дуудахад нь очоогүй гэсэн үг үү?

-Намайг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд эрэн сурвалжилсан юм билээ. Гэтэл тэр хэрэг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон. Та 2023 оны аравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийг хараарай. Тэр захирамжид “Х.Бат-Ялалт гэдэг хүнийг дуудахад ирсэн нь нотлогдохгүй байна” гэсэн байдлаар шүүгч захирамж гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүнийг эрэн сурвалжилна гэдэг тухайн хүнийг дуудах боломжгүй байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө нийгэмд зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа юм. Х.Бат-Ялалтыг эрэн сурвалжилчихсан. Тэгсэн хэрнээ дуудахад ирээгүй гээд байгаа юм. 

-Таныг байцаалт авахаар дуудаагүй гэж ойлголоо?

-Байцаалт аваагүй. 

-Цагдан хорьсон гэдэг үнэн үү?

-Хоёр хоног баривчилсан. Гэхдээ хууль бус л даа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа ингэж болохгүй. Хэрэг нь хэрэгсэхгүй болох ёстой. 

-Хэрэг болохоос гурван сарын өмнө эрэн сурвалжилсан гэв үү. Өөр ямар нэгэн хэрэгт холбоотой юу?

-Нэр төрийг маань гутаах зорилгоор л ийм үйлдэл хийсэн гэж бодож байна. Ер нь Х.Бат-Ялалт гэдэг хүн л зодоон хийсэн юм шиг асуудалд нэг талаас нь хандаад байх юм. Тэр хүн чинь үндэслэлгүй зүйл яриад, эхэлж цохисон шүү дээ. Гэтэл тэр хүнийг огт шалгахгүй, Х.Бат-Ялалт гэдэг танхай хүн байсан мэтээр яриад байна.

Өнөөдөр төр засагт хулгайч нар шургалчихаад байна. Заримыг нь алаад, хядаад өгөөч гэдэг хүсэл иргэдийн дунд бий болчихсон. Цахим орчинг хар л даа. Заримыг нь алаад, шоронд хийгээд өгөөч л гэж байгаа биз дээ. Нийгэм ингэж зэрлэгшиж, харгис болж байна. Төрд гарсан хүмүүс нь хэдэн тэрбумаар нь хулгайлж идээд, үр дүнд нь иргэд харгис, зэрлэг болж байна. Ийм нөхцөлд бид телевиз, радиогоор нэг зүйл яриад, бодит амьдрал дээр түүнээсээ өөр байж болохгүй.

Ийм хоёр нүүртэй хүмүүсийг хараад зүгээр сууж чаддаггүй учраас тухайн үед бухимдсан. Мөн би сүүлийн 20 орчим жил хууль зөрчдөг, хүний эрх зөрчдөг прокуроруудтай хүч тэнцвэргүй маргаан хийж ирлээ. Энэ байдал маань тухайн үед нөлөөлсөн байх.

Зодолдсондоо Монголын ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Телевизээр шууд дамжуулж байсан нэвтрүүлгийн үеэр тэвчиж чадаагүй. Уур бухимдлаа хянаж чадахгүй сул тал надад байдгийг мэдэж авсан. Гэхдээ миний тавьсан шаардлага зөв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу