ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах захирамж гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Сержио Годинезэд эрүүгийн хэрэг үүсгэн, эрэн сурвалжилж буй юм байна. Энэ тухай мэдээллийг ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээллийн санд нийтэлжээ.

Тус мэдээллийн санд “Годинес Серхио Жерардо Угалдег Эрүүгийн хуулийн дагуу эрэн сурвалжилж байна” гэж бичсэн байна.

Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Путин болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Белова нарыг “хүн ам, тэр дундаа хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан” гэх үндэслэлээр, дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан билээ.

ОХУ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Тодруулбал, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр манай улсын хувьд ямар ч утгагүй юм. Тэр дундаа хууль эрх зүйн үүднээс авч хэлэлцээд байх зүйл байхгүй. ОХУ нь Олон улсын эрүүгийн шүүхийн нэг хэсэг биш бөгөөд үүний дагуу ямар ч үүрэг хүлээхгүй” гэж хэлж байв.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак “Энэ үйл явдал зөвхөн эхлэл” гэж хэлсэн. Тэд цаашид дахин олон хүн баривчлах шийдвэр гарна гэж үзэж буйгаа мэдэгдсэн билээ.

Олон улсын хүний эрхийн хуульч Уэйн Жордаш “Ирэх саруудад илүү олон зүйл тохиолдоно. Энэ бол нөхцөл байдлыг бүрэн эргүүлсэн нэг төрлийн анхааруулга болох ёстой” гэж хэлсэн нь бий.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо гуравдугаар сарын 20-нд ОУЭШ-ийн прокурор Карим Ахмад Хан болон шүүгч Розарио Сальваторе Айтала, Сержио Жерардо Угалде Годинез, Томоко Акане нарын үйлдлийг илт хууль бус гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Тавдугаар сард Карим Хан, Розарио Айтала нарт эрүүгийн хэрэг үүсгэн, тэднийг эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Дараа нь Томоко Акане, ОУХТ-ийн ерөнхийлөгч Пиотр Хофмански, ОУХТ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Луз дель Кармен Ибанес Карранза, шүүгч Бертрам Шмитт нарыг эрэн сурвалжлагдагсдын жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: TASS, THE GUARDIAN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу