Ардын нам, Ардын нам ч юу байх вэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга ёс тогтооно гэж мэдэгдээд дөрвөн жил болж байна. Түүний шударга ёс “УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, МАНАН дэглэмийг устгахаас эхэлнэ” хэмээн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Хотын дарга болж буурь сэлгээд буй Х.Нямбаатар нартай хамтран “тэмцэл”-ээ эхлүүлж байсан.

Шударга ёсны хана хэрмийг босголцоно гэж явсан Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, шүүхийн танхимд толгой гудайлгаж зогсоо. Тэгвэл Ж.Батзанданг мөн авлига, албан тушаалын хэргээр түр саатуулаад авсан. Харин Л.Болд Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болоод “зугтчихсан”.

Ер нь шударга ёсны тэмцлийг эхлүүлэнгүүтээ тарж одоцгоосон гэхэд болно. Яг сайхан шударга ёсоо эхлүүлнэ гэтэл мөр зэрэгцэж явсан хүмүүс нь шударга бус болж таарсан. Хяслан гэдэг энэ байх.

“Хүч хүрэхгүй бол гудамжинд гарч, ард түмэнтэйгээ хамт тэмцэх болно” гэж үе үе сүртэй популист мэдэгдэгдэл хийж, улстөрчдийг шахаанд оруулах болсон Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцэл МАН-ын гишүүд дээрээ тулж ирээд бүдэрчихдэг.

Үнэндээ улс төрд хамгаалалтгүй Ё.Баатарбилэг мэтийг Хөгжлийн банкны хэрэгт хамаатуулчихаад, бусдыг нь сугалаад үлдчихсэн. 33 тэрбумын асуудалтай УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нараас эхлээд тухайн үед эрх мэдэлтэй байсан Н.Алтанхуяг мэт нь “айлгаж” байгаад ард нь үлддэг. Энэ дүр зургаар үргэлжилбэл жинхэнэ хулгайч, авлигач нартайгаа тэр тэмцэж чадахааргүй байна.

МАН-ынхан шударга ёс ярихаараа сүүлийн найман жил засаглаж байгаа гэдгээ мартчихдаг. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг бүх зүйл дээр тарж бутраад эвлэх гэж ядаж яваа Ардчилсан намаа зүхдэг. Ардчилсан нам л бүх муу муухайн үүр уурхай хэмээн чичилдэг.

Сүүлийн үед хууль шүүхийн хаалга онголзуулах болсон Ардчилсан намынхан маш их болов. Нам нь сөрөг хүчин хийж чадахгүй байхад дуу хоолой нь болж явсан Д.Мөнх-Эрдэнэ лайв хийсээр байгаад шоронд орсон. Үг хэллэг нь бүдүүлэг байсан ч уг чанартаа цаад агуулга нь зөв байсан. Гэсэн ч өнөөдөр шоронд элдэв дэг, дарамтад байгаа талаар намынхан нь хэлж байна.

Түүний өмгөөлөгч Ганбаяр яллагдагч болчихсон байна. Үүний араас гудамжинд гарч жагссан Д.Монголхүү ялтан болсон бол Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Ардчилсан намын залуус болох тус банкны захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жил, эдийн засагч Ч.Отгончулууд хоёр жилийн хорих ялыг өчигдөр оноож, шорон руу ачаад явчихсан. Мөн О.Магнайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэхчилэн Ардчилсан намын залуусыг “агнасан” шударга ёс бий болчихлоо.

Ирэх жил сонгууль болох тул өрсөлдөгчөө намнаж байна гэх шүүмжлэл, хардлага цахим орчинд хүчээ авч байна. Шударга ёс нам харгалзаж, шударга ёс өнгө мөнгө дагаж, шударга ёс алагчилж тогтдог байх нь л дээ.

Одоо Ардчилсан нам дотор үг хэлэх зүрхтэй залуус бараг үлдсэнгүй. Угаас тэмцэл, хэрүүлтэй яваа тус намыг салхи үзүүлэхгүй дарах шийдвэр МАН-ын удирдлагуудад байна уу.

2012-2016 оны парламентад АН олон суудалтай болж, эрх барьж байхдаа “МАН-ыг газрын хөрснөөс арчина” хэмээн омойтож аашилдаг байсан. Яг л тэр замаар МАН замнаж байна. Ардчилсан намын залуусыг шоронд бөөнөөр нь чихэж аваад, үеэ өнгөрөөсөн ах нарыг нь сонгуульд нэр дэвшүүлэн, зөөлөн боорцог болгох гэсэн Ардын намын адын хүсэл алагчилсан шударга ёс байв уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл шударга л байгаасай.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу