“Хамас” бүлэглэлийн эсрэг явуулж буй Израилийн зэвсэгт хүчний кампанит ажлын улмаас Газад энгийн иргэдийн амь нас эрсдэж буйг дэлхийн улсууд буруушаасаар байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч “Энгийн иргэдийг тэвчих аргагүй байдалд хүргэж буй аймшигт ажиллагааг яавч зөвтгөж чадахгүй” гэж хэлжээ.

Рамалла дахь Палестины Эрүүл мэндийн яам “Одоогоос сарын өмнө “Хамас” бүлэглэл дайралт хийсний улмаас Израиль улс цэргийн довтолгоогоо эхлүүлсэн. Тэр цагаас хойш Газын зурваст 10 мянга гаруй хүн амь үрэгдлээ” гэж “Хамас” бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгийн эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлэв.

Египетийн хилийн албаны хүн CNN агентлагт “Мягмар гарагт Газын зурвасаас Рафах хилийн боомтоор гадаадын 600 гаруй иргэнийг Египет рүү нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт нүүлгэн шилжүүлэлт эхэлснээс хойшхи нэг өдрийн дотор шилжүүлсэн хамгийн өндөр тоо аж.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хэлснээр, Израилийн цэргүүд Газын зурваст олон мянган алан хядагчийг устгажээ. Үүний зэрэгцээ Израилийн батлан ​​хамгаалах хүчин дөрвөн цагийн “завсарлагаа”-ны хугацаанд олон арван хүнийг өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнгөрсөн Мягмар гаргийн өглөө “Израилийн агаарын довтолгооноос үүдэлтэй хэд хэдэн дэлбэрэлт Газын зурвасын төв болон өмнөд хэсэгт болсон” гэж нүдээр үзсэн гэрчүүд мэдээлжээ.

Газын төв хэсэгт орших Дейр аль-Балах хотын усан замын өмнөд хэсэгт, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн хуаранд дор хаяж хоёр дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна.

“Аль-Акса Мартирс” эмнэлгийн сувилахуйн албаны дарга, доктор Халил аль-Дакраны хэлснээр дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алджээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу