Дэлхий даяар 27.6 сая хүн албадан хөдөлмөр эрхэлж буйгаас 3.3 сая нь хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, 1000 хүн тутмын гурав нь сүрдүүлэг, хүчирхийлэл, хууран мэхлэлт болон бусад хэлбэрийн албадлагад өртөж, сайн дураар ажлаа орхиж явах боломжгүй нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй гэсэн үг.

Ядуурал, бичиг үсэг үл тайлагдалт, ялгаварлан гадуурхалт, шилжилт хөдөлгөөн зэрэг нь ажиллагчдыг албадан хөдөлмөрт илүү өртөмтгий болгодог хүчин зүйлсийн нэг юм.

Монгол Улс 2005 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцод нэгдэж орсон.

Түүнээс хойш дээрх конвенцыг үндэсний хууль тогтоомж, практикт хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж, тодорхой арга хэмжээг авч ирсэн ч зарим судалгааны үр дүнгээс үзэхэд албадан хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүйг илтгэх баримт, мэдээлэл байсаар байна.

Албадан хөдөлмөртэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал чиглэл нь олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, уг гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэх явдал байдаг.

Хүний эрхийн Үндэсний Комисс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан албадан хөдөлмөрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сэтгүүлчдэд зориулсан сургалт, уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу