Шинжээчид газрын тосны үнэ өснө гэсэн таамаглал бүдгэрч буйг онцолж байна. Израил, “Хамас”-ын дайны улмаас газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт эрс унав.

Газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д эрэлтийн тааруу төлөв, АНУ-д шатахууны хэрэглээ эрс буурч буй нь газрын тосны эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж буй юм.

Лондоны ICE бирж дээр Brent төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдрөөс хойш анх удаа нэг торх нь 82 ам.доллараас буурчээ. Тус биржийн мэдээлснээр Brent төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 3.24 хувиар буурч, 81.97 ам.доллар болсон байна.

Брентийн фьючерс нэг торх нь 81.96 ам.доллар (-3,25%)-аар арилжаалагджээ. Үүний зэрэгцээ нэгдүгээр сард нийлүүлэх WTI төрлийн газрын тосны фьючерс 2.75 хувиар буурч, нэг торх нь 77.69 ам.доллар болсон байна.

АНУ-ын Эрчим хүчний яам 2023 онд Brent төрлийн газрын тосны үнийн таамаглалыг нэг торх нь 84.09 ам.доллараас 83.99 ам.доллар болгон бууруулсан тухай өмнө нь мэдээлж байв.

Өнгөрсөн Мягмар гаргийн арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 4.3 хувиар унаж, нэг торх нь 77.37 ам.доллар болж, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрсэн бол Brent төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар унаж, нэг торх нь 81.61 ам.доллар буюу мөн л зургадугаар сараас хойших доод түвшинд очсон байна.

Эх сурвалж: BLOOMBERG, EIA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу