Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас хүйтний эрч чангарч, тээвэрчид болон малчид төөрөх, зам даваа хаагдах хүндрэлүүд үүсээд буй. Нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхээр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч туулах чадвар сайтай 9 нэгж техниктэйгээр гурван аймгийн 5 суманд 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Тухайлбал, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт болон Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Дашинчилэн суманд цэргийн алба хаагчид цасанд боогдсон орон нутгийн замыг нээж тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдыг нүүлгэн шилжүүлэх, өвс тэжээл хүргэх ажлыг 24 цагаар тасралтгүй гүйцэтгэж байна.

Цэргийн алба хаагчид одоогоор дээрх сумдын 250 км орон нутгийн замыг цэвэрлэж, төөрсөн болон цасанд боогдсон 40 гаруй иргэний амь насыг аварч, 22 нэгж техникийг татан гаргаж, 20 гаруй малчин өрхийг нүүлгэн шилжүүлжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу