Засгийн газрын өнөөдрийн /2023.11.08/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Их өгөгдлийг сан байгуулахыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Их өгөгдөл гэдэг бол бидний нэрлэж заншсанаар “биг дата”. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед “биг дата” дээр шийдвэр гаргах буюу датагаа цуглуулах нь маш чухал болж байна. Үүн дээр тулгуурлан гаргасан шийдвэр амьдралд биеллээ олдог. “Биг дата”-г олон нийтэд ил болгосноор бизнес эрхлэгч нарт том түлхэц болно. Дэлхийн улс орон бүр хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар үндэсний стратегиудаа боловсруулж байна. Ийм үед манай Засгийн газар үүнээс хоцорч болохгүй. 

Энгийн үгээр хэлбэл, “биг дата” гэдэг нь боловсруулагдаагүй мэдээлэл.  Тэнд цугласан мэдээллээр тухайн хувь хүнийг тодорхойлох боломжгүй гэсэн үг. 

Жишээ нь, түгжрэлийг шийдэхийн тулд төлбөртэй бүс тогтоох нь зөв үү гэдгийг “биг дата”-д суурилж, шийдвэрлэх ёстой. Нийгмийн халамж зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу гэдгийг харахын тулд “биг дата”-г ашиглана. Энэ ажлын хүрээнд төрийн бүх байгууллагад байгаа 125 мэдээллийг эзэн холбогдогчгүйгээр нэгтгэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Цаашдаа үүнийг сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллага, олон нийтэд хэрэглэх бололцоог бүрдүүлнэ” хэмээн хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Мөн хуралдаанаар төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж, цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх ажлын танилцуулгыг хийлээ. Танилцуулгын дараа Ерөнхий сайд бидэнд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. E-Mongolia cистемийг шинэчилж, 4.0 хувилбарыг гаргана. Үүнд цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч хийхээр болсон.

Тодруулбал, Иргэн E-Mongolia cистемд нэвтрэн орсноор хүссэн газраа QR код уншуулаад тооцоо хийдэг болно. Үүнд арилжааны банкууд болон цахим тооцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллана. Энэ үйлчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр далд эдийн засгийг ил болго боломжтой” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу