Бразилын Сан-Паулу мужийн Котиа хотод дээрэмчид Бразилын шигшээ болон Саудын Арабын Аль-Хилал багийн хөлбөмбөгч Неймарын бяцхан охиныг хулгайлахыг завджээ.

“O Globo”-гийн мэдээлснээр, орон нутгийн цагаар шөнийн 03 цагийн орчимд гурван гэмт этгээд Неймарын найз бүсгүйн ээжийн гэрт нэвтэрч, түүн рүү болон нөхөр рүү нь буу тулган сүрдүүлсэн байна.

Дээрэмчдийн нэг тус хорооллын оршин суугч, 19 настай нэгэн байсан бөгөөд хоёр хамсаатнаа орон сууцны хороолол руу нэвтрүүлжээ. Удалгүй түүнийг саатуулсан байна.

Дээрэмчид нийтдээ 120 мянга орчим ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл, цаг, загварын цүнх авч, Неймарын найз бүсгүй Бруна Бианкарди болон шинэ төрсөн охин нь хаана байгаа талаар лавласан байна.

Хэргийн мөрдөн байцаалтыг хариуцсан төлөөлөгч “Тэд Брунагийн ээжийг барьцаалж, хүүхэдтэйгээ хаана байгааг нь асуусан. Миний ойлгож байгаагаар, үнэт эдлэлийг нь дээрэмдэхийн тулд ингэж асуусан байх.

Тэд үнэт зүйлсийг харуулахыг хүссэн. Эмэгтэй сейфээ харуулахад хоосон байсан тул дээрэмчдийн нэг “Неймарын хадам ээж юу гэж гэртээ мөнгөгүй байх вэ дээ” гэжээ. Хариуд нь бүсгүй “Би хадам ээж, би тэр биш” гэж хэлснийг иш татжээ.

Неймар, Бианкарди нар Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээгээрээ дамжуулан тэд болон охин нь эсэн мэнд, бүх зүйл сайн байгаа талаар мэдээлсэн байна.

Неймарын амраг “Өнөө өглөө тэд миний гэрийг дээрэмдэж, эцэг эхийг минь барьцаалсан. Би, Мавиа, эгч бид хоёр тэнд амьдрахаа больсон. Бид хэрэг гарах үеэр тэнд байгаагүй. Бүгд зүгээр байгаад Бурханд баярлалаа” гэж бичжээ.

Неймар, Бианкарди нар аравдугаар сарын 7-нд охинтой бол, Мавиа гэж нэрлэсэн байна. Хөлбөмбөгчийн хувьд хуучин найз бүсгүй Каролина Дантасаас Дави Лукка нэртэй хүүтэй юм.

Эх сурвалж: MARCA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу