Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Оюу толгой”-н гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж буй тул “Оюу толгой”-н гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагчийн үүрэгт ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгаланд шилжүүлэн өгсөн байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар хэлэхдээ “Оюу Толгой”-н гэрээг сайжруулах ажлын хэсгийг энэ долоо хоногт хуралдуулж, тодорхой тайлбарууд авсан. Мэргэжлийн бизнесийн байгууллага буюу “Эрдэнэс Монгол” компани “Рио Тинто” групптэй шууд харилцдаг байх зарчмын байр суурьтай байна.

“Оюу Толгой” компанитай Засгийн газар харилцдаг байх нь зарим тохиолдолд улс төрийн шийдвэр гаргаж ирсэн алдаа дутагдалтай гэж үзэж байна. Энэ үүднээс “Эрдэнэс Оюу Толгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын үр ашиг, эдийн засгийн тооцооллуудыг танилцуулсны үндсэн дээр Засгийн газар шийдвэр гаргаж байхаар болсон. Энэ хүрээнд гурван ажлын дэд хэсэг байгуулна.

Сангийн сайд Б.Жавхлан Санхүү татвартай холбоотой ажлын дэд хэсгийг, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Арбитрын шүүх дээрх маргаан, Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг хариуцсан Хууль эрх зүйн дэд ажлын хэсгийг, “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт Далд уурхайн бүтээн байгуулалт, бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой ажлын дэд хэсгийг хариуцан ажиллана” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу