УИХ-ын чуулганы Лхагва гараг (2023.11.08)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нийгмийн даатгалын багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн дунджаар тооцдог байсныг уг хуулиар тав болгож өөрчилсөн. Энэ нь зөв.

Гэхдээ одоо хэрэгжиж буй хуулийн дагуу 2018-2023 оны хооронд 58 мянган ахмад настан тэтгэврээ зургаа болон долоон жилээр тогтоолгосон. Энэ хүмүүсийн тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дахин бодож, таван жилээр тооцож олгох ёстой. Мөн тэдний өнгөрсөн таван жилийн хугацаан дахь хохирлыг барагдуулах хэрэгтэй. Тэд төрийн буруу бодлогоос болж хохирох ёсгүй. 

НДЕГ-ын мэргэжилтнүүдийн гаргасан тооцооллоор 58 мянган ахмад настанд 93 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх ёстой юм байна. Нэг хүн ойролцоогоор 1.6 сая төгрөг гэсэн үг. Энэ мөнгийг 2024 оны Нийгмийн даатгалын сангийн төсөвт суулгаж, ахмадуудыг гомдолгүй болгох шаардлагатай байна. 

Хөшөө дурсгалд мөнгө зарцуулахын оронд Монголын төрөөс болж хохирсон “амьд бурхан” ахмадууддаа зориулах хэрэгтэй. Хэрэв төсөвт тавихгүй гэвэл 58 мянган иргэний гарын үсэг зурах ажлыг зохион байгуулж, шаардлага хүргүүлнэ. Бүр болохгүй бол 2024 оны сонгуульд АН ялаад, ахмадуудаа гомдолгүй болгож өгнө” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу