Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт 2023 оны арваннэгдүгээр сарын 6-наас Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр айлчлалын явцад шүүх засаглал, прокурорын бие даасан, шударга байдал, мөн хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ дүгнэлт хийнэ.

Тусгай илтгэгч шүүх засаглалын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх засаглалын харилцаанд оролцогчдын хамгаалалт, шударга шүүх, үүнд холбогдох жендерийн нөхцөл байдал зэрэг асуудалд анхаарал хандуулах ажээ.

Түүнчлэн хатагтай М.Саттертвэйт шүүхийн болон хууль зүйн туслалцаа авах тэгш эрх, Монгол Улсын жирийн иргэд шүүхийн тогтолцоог хэрхэн ойлгож, хүлээн авч буй байдлыг судална.

Айлчлалын хугацаанд УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, шүүгч, прокурор, хуульчид, түүнчлэн НҮБ-ын агентлагууд, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний, олон улсын болон дипломат байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар НҮБ-ын шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч Маргарет Л.Саттервайт болон НҮБ-ын шүүгч, хуульчийн бие даасан байдал хариуцсан тусгай илтгэгчийн хуулийн зөвлөх Катарина Сыдоу, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын ажлын албаны Тусгай процедурын хүний эрхийн ажилтан Мэлание Сантизог энэ сарын 6-ны өдөр хүлээн авч уулзсан байна.

НҮБ-ын тусгай илтгэгчийн Монгол Улс дахь анхны айлчлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-д өргөн барьсан чухал цаг үетэй давхцаж байгааг Комисс онцоллоо.

Хатагтай М.Саттертвэйт арваннэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагийн 12.00 цагт Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд хэвлэлийн бага хурал хийх юм. Тусгай илтгэгч айлчлалын тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2024 оны зургаадугаар сард танилцуулна.

Тусгай илтгэгч, шинжээчийн тухайд, хатагтай М.Саттертвэйт Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчээр 2022 оны 10 дугаар сард Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр томилогдсон. Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач, шинжээч, Нью-Йоркийн Их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны профессор юм.

Шинжээчид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн бие даасан шинжээчдийг нэгтгэсэн хамгийн том бүтэц болох Тусгай процедур хэмээх үйл ажиллагааны нэг хэсэг аж.

Тусгай процедур нь тус зөвлөлийн хяналт үнэлгээ хийх, баримт нотолгоо цуглуулах судалгаа, зарим улс орны нөхцөл байдал болон олон улсад хамаарах сэдэвчилсэн асуудлаар бие даасан, хараат бус үнэлгээг хэрэгжүүлэх зорилготой.

Тусгай процедурын шинжээчид НҮБ-ын ажилтан биш бөгөөд, хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй, сайн дурын үндсэн дээр ажилладаг, аливаа улсын төр, бусад байгууллагаас хараат бус, зөвхөн хувийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан чиг үүргээ гүйцэтгэдэг болно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу