“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер компанийнхаа энэ оны гуравдугаар улирлын тайланг танилцуулав. Энэ үеэр тэрбээр “Ирэх 10 жилд бүрэн хүчин чадалдаа хүрч, гүний уурхайн олборлолтоо гурав дахин нэмнэ. Тодруулбал, 2028-2036 онд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө ажиллаж байна.

Үүнийгээ Төлөөлөн удирдах зөвлөлдөө өнгөрсөн онд танилцуулж, санхүүжилтийг батлуулснаар 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болоход чухал нөлөөтэй” гэв.

Баяжуулах үйлдвэрийн засвар, хүдрийн дундаж агуулга өндөр байсан зэргээс хамаарч “Оюу Толгой” компани энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны хоёрдугаар улирлынхтай харьцуулахад 16 хувиар өсжээ.

Гүний уурхайн босоо амуудын нэвтрэлтийг ахиулж, агааржуулалтын нэвтрэлтийг 780 болон 879 метрт, үүнийгээ 1134 болон 1176 метрт хүргэн, 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил одоогоор 75 орчим хувийн гүйцэтгэлтэй буй юм байна.

Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ус ашигладаг бол “Оюу Толгой” нь 0.55 метр кубээс бага ус ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.

“Оюу Толгой” ХХК энэ оны зургаадугаар сард стратегиа 300 гаруй ажилтны оролцоотой шинэчлэн, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, “Рио Тинто” группийн зорилтод нийцүүлэн тэргүүлэх дөрвөн чиглэлээ баталжээ. Үүнийгээ хамт олон, хамтын ажиллагаа, хөрст дэлхий, хүртэх өгөөж хэмээн тодорхойлсон байна.

Дэйрдрэ Лингенфэлдер “Оюу Толгой гүний уурхайн үйлдвэрлэлээ өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн. Ил уурхай, гүний уурхайн бүтээн байгуулалтын төслөөс зэсийн цогц бизнес болон өргөжиж, дэлхийн дөрөв дэх гол тоглогч болох замналын сууриа тавилаа. Хамгийн том нь бус хамгийн эерэг өөрчлөлтийг авчрах хамт олон байх нь бидний зорилго.

“Оюу Толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл хамт олон, баялаг, тогтвортой түншлэлүүд зэрэг өрсөлдөх чадварт суурилсан шинэчилсэн стратегийг зургаадугаар сард баталсан. “Хөгжлийг дэвшлийг хамтдаа бүтээцгээе” гэсэн шинэ стратегидаа Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичиг, “Рио Тинто” компанийн зорилттой нийцэхүйц дэлхийн чиг хандлагыг тусгалаа.

Бид шилдэг ажил олгогч болохыг зорьж, хүйс, албан тушаал, арьс өнгөөс үл хамааран анхаарал тавьж, шилдэг ур чадвартай хүмүүсийг татаж, урмыг нь тэтгэж ажилладаг. Дэлхийд үнэлэгдэх хүний нөөцийг бэлтгэж байна” гэв.

“Оюу Толгой” компанийн нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн тус компанийн 23.4 хувийг эмэгтэй ажилчид эзэлж, ирэх жилүүдэд эмэгтэй ажилчдын тоог 50 хувьд хүргэхийг зорьж байгаа аж.

Гуравдугаар улирлын байдлаар 812 ханган нийлүүлэгчэй хамтран ажилласны 704 нь үндэснийх бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 88 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Түүнчлэн тус компани байгаль орчноо хамгаалж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 0 болгох, хамтын ажиллагааны тухайд оролцогч талуудтайгаа харилцан ашигтай байх зорилгын дор нэгдэж, орон нутагт тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллахыг зорьж буй аж.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэж дуусахын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа учир 2022 онд Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-дөө танилцуулсан байна.

Тэрбээр “Энэ бол ямар нэг шинэ зүйл биш. 2025 оноос хойш эерэг мөнгөн урсгалтай бизнес болж хувирахад энэхүү санхүүжилтийг ТУЗ-өөр батлуулахаар хүлээж байна. Энэхүү төсвийг баталснаар Монгол Улсад төвлөрөх татвар хураамж болон бусад төлбөр бүрэн зарцуулагдана. Түүнчлэн Монголд орж буй валют ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахад эерэг нөлөөтэй гэж итгэж байна” гэлээ.

“Оюу Толгой” ХХК-ийн Гүний уурхайн болон Хөгжлийн төслүүд хариуцсан захирал Жак Ван Тондер “1.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж байгаа хэрэг биш. Гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал нь 7 тэрбум ам.доллар хэвээрээ” гэв.

“Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “2025 оноос мөнгөн урсгал эерэг болно. Гэхдээ энэ нь ногдол ашиг тарааж эхэлнэ гэсэн үг биш. Эерэг болсноор зээлүүдээ төлнө, түүний дараа Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группт ногдол ашиг хуваарилж эхлэх юм” гэж хэллээ.

“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал энэ сарын 22-нд болж, нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу