УИХ-ын чуулганы Лхагва гарагийн /2023.11.08/ нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлсэн. 

Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага хүссэн юм. Гэвч хоёр цагийн завсарлага өгчээ. Улмаар завсарлаад, 16:30 цагаас эргэн хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төсвийн төсөл дээр Ажлын хэсэг ажиллаад 542 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлж, 335 тэрбум төгрөгийн зардлыг хассан байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт орж ирэх болов уу гэж харж байлаа. Гэтэл алга. Монгол Улс ходоод, элэг, нойр булчирхайн хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа шүү. Баячууд нь мөнгөө гаргаад гадагшаа явчихдаг. Дундаж амьдралтай хүмүүс нь бүх зүйлээ зараад ядуу руу ордог. Ядуу хүмүүс нь бол үхэж байна. Улсын төсвөөрөө шийдэж чаддаггүй юм бол гаднын зээл тусламжаар ч хамаагүй хавдрын эмнэлгийг хамгийн эхэнд шийдэх ёстой. 

Төсвийн төсөлд ядуурлыг бууруулахын тулд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд хуваарилсан төсөв мөнгө алга. Монгол Улсын нийт хүн амын 28 хувь нь ядуурсан, 15 орчим хүн ядуурах магадлалтай байна. Ялангуяа хөдөөгийн иргэдийн ядуурах магадлал хотынхноос дөрөв дахин их болсон. Иргэд нь ийм их өвчлөлтэй, ийм ядуу байдаг мундаг ардчилсан улс гэж байхгүй шүү.

Солонгосчууд манай улс руу менежментийн баг илгээж, өөрсдөө зардлыг нь даагаад Хөгжлийн банкийг байгуулсан. Гэтэл хөөж явуулж байгаад хувааж идсэн.

Гаднын байгууллагуудаас зээл, тусламж аваад хавдрын асуудлаа монголдоо шийдье л дээ. Эмнэлгийг нь байгуулж, тоног төхөөрөмжийг нь оруулж ирж, хүмүүсээ сургая. Энийг шийдэхгүй байж энд тэнд баахан барилга барина гээд байх нь утгагүй байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу