Хот төлөвлөлтийг анхнаас нь мөнгөний нүдээр хараагүй бол өнөөдрийн Улаанбаатар арай өөр өнгө төрхтэй байх байлаа. Зоосны нүхээр харж, хууль давж аашилсан хүмүүсийн өнгөрсөн 30 жилийн балаг өнөөдрийн хотын уур бухимдлыг бий болгоод байгаа юм.

Өглөө ажилдаа явах гэж гэрээсээ гараад, түгжрэлд хоёр цаг, орой гэртээ харихдаа 2-3 цагийг зөвхөн замын түгжрэлд зарцуулж байна. Өдөрт дунджаар 5-6 цагийн авто зам дээр өнгөрүүлж байгаа юм. Өдөрт найман цаг ажиллаж, найман цаг унтаж амардаг гэж тооцвол 21-22 цаг болно. Гэр бүл, үр хүүхэд, аав, ээждээ гаргах цаг гэж үнэндээ байхгүй. Үр хүүхдүүд нь аав, ээжээсээ хөндий ийм л нийгмийг өнгөрсөн 30 жилд хот удирдсан МАН, Хотын дарга нар бий болгожээ.

Хот нь болохгүй байна гээд Хотын дарга Д.Сумъяабазарыгаа Х.Нямбаатараар солив. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыгаа Б.Дэлгэрсайханаар сэлгэв. Үндсэндээ анхнаасаа төлөвлөлт нь буруу явж, буруу замаар хөгжлийн унаанд дайгдсан учраас нэмэгдэхүүний байрыг сольсон ч Сумъяа Нямбаа, Сүхээ Дээгий нарт чанарын ялгаа үгүй. Хүн нь солигдсон ч нам нь хэвээрээ байхад намын бодлого, мөрийн хөтөлбөрөө адилхан хэрэгжүүлж таарна. Товчхондоо юу ч хүлээгээд нэмэргүй гэсэн үг.

Эрс тэс уур амьсгалтай Улаанбаатарт иргэд амьдрах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж байна. Зун нь үер усны гамшигтай, өвөл нь угаартаж үхэх эрсдэлтэй, жилийн дөрвөн улиралдаа авто зам нь түгжирсэн, агаар, хөрс, усны бохирдол хамгийн дээд хэмжээндээ хүрсэн харанхуй нүхэн дотор амь зууж байгаа юм. Утаа бууруулах нэрээр улсын төсвийнхөө багагүй хувийг, түгжрэл бууруулах нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй жонглердож сууна.

Утааг бууруулах хүрээнд хагас зуун жил Улаанбаатарт гал түлсэн иргэддээ зууханд галлахыг заав. Утаа бууруулах томоохон арга хэмжээний нэг нь энэ. Гэтэл өчигдөр Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төрийн албан хаагчдыг автобусаар зорчиж сургана. Мөн автобусанд суухыг заана хэмээн хэнэг ч үгүй хэлээд зосгож байх юм.

Автобусанд зогсох, суухын хооронд түгжрэл үүсэх хэмжээний ялгаа байдгийг Түгжрэлийн сайд маань олж тогтоосон бололтой. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Согтуу жолооч нартаа арга хэмжээ авах хуулиа чангатгана хэмээн ярьж суугаа “согтуу” улстөрчдөөр улсаа ингэж удирдуулмааргүй байна. МАН-ынхан “согтуу”-гаар төрийг ингэж жолоодбол ирэх он жилүүдэд үнэхээр сүүмийх ч гэрэл алга.

Иргэдийн орлогогүй байдлаас үүдэлтэй ядуусын гэгдэх гэмт хэргүүд шил шилээ даран гарч, өвчин зовлондоо нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн ч ор олдохгүй коридорт хэвтсэн тийм л хатуу нийгмийг өнгөрсөн 30 жилд бүтээжээ.

Улаанбаатарт амьдарна гэдэг эр зориг шаардсан зүйлсийн нэг болоод байна. Иргэд нь гэртээ угаартаж үхнэ. Гудамжинд алхаж яваад халтирч унаад хөл, гараа бэртээнэ. Автобус нь ирэхгүй цагаар хүлээлгэж, ирсэн автобус нь хүнээ багтаахгүй арилж одно. Ашиглалтын хугацаа нь дууссан автобусууд нь шатна, замаас гарч шон мөргөж зогсоно.

МАН-ыг бултаараа сонгосон хэдэн сонгуулийн төлөөс нь өнөөдрийн нийгэм. Хулгайч, худалч, авлигач, дээрэмчид олширсноос болж нэг сая гаруй иргэн нийтээрээ ингэж зовлондоо хутгалдана. Үүнийг нь хэлсэн Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй залуус нь төрийн “хамгаалалт”-д орж, ялын тогтоол уншуулах зэргээр улс гэр минь нэг л зэврүүн байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу