Ийм нэг хардлага өчигдөр (2023.11.09) нийгэмд бий болов. Улаанбаатарчуудын хувьд өчигдөр байгалиас орсон жаахан хялмаатай зэрэгцэн нийслэлийн авто зам “тэг” зогсолт болтлоо түгжирсэн нь ийн хардахад хүргэсэн байна.

“Хүүхдүүдийн хичээл сургууль амарсан үед түгжрэл буурдаг” гэж үздэг ч өчигдөр урд өдрүүдийнхээс хавьгүй илүү цагийг авто зам дээр өнгөрүүлж, автобус хүлээсэн иргэд буудал бүрд дүүрэн харагдсан.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар түгжрэлтийг бууруулахын тулд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж, парламент хэлэлцэхээр болсон.

Уг хуульд хотын төвийг төлбөртэй бүс болгон тогтоож, хотын төв чиглэсэн автомашинтай иргэд 27500 төгрөг төлнө гэж заасан нь олны эсэргүүцэлтэй тулгарсан. Ингэхдээ иргэдийг төлбөртэй бүсийн гадна машинаа үлдээж болохоор авто зогсоолууд бэлдэж байгаа гэж байсан юм.

Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан захиргаадалтын арга руу шууд шилжихээ ямар ч эргэлзээгүй хэлнэ лээ. Төрийн албан хаагчид ажил руугаа зөвхөн автобусаар яв гэж лүндэн буулгав.

Тэдний хэлсэн үгс цахим орчинд өндрөө авч байхтай зэрэгцэн Улаанбаатарчууд авто зам дээрээ улаан болтолоо уцаарлан үглэв.

Иргэд энэ “тэг” зогсолтыг Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар зориудаар үүсгэсэн гэж хардаж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь хуулиа батлуулахын тулд түгжрэлийг иргэдийн яс маханд нь ойлгуулахын тулд гэрэл дохио, замын цагдаа нарын хүч оролцоотойгоор “албаар түгжрүүлж байна” гэцгээв.

Цахим орчинд “Төлбөртэй бүсээ нийслэлд нэвтрэх товчоодоос эхлүүлье”, “Тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохоос өөр сонголт үлдсэнгүй” гэх мэтчилэн түгжрэлээс залхсан сэтгэгдлүүд урсаж байна.

Иргэдийн хардаж байгаачлан хуулиа батлуулахын тулд зориуд түгжрэл бий болгосон бол ийм Хотын дарга, ийм Түгжрэлийн сайдаар бид яах вэ дээ. Цаашид ямар нэг арга хэмжээ авахын тулд иргэдээ зориуд хорлосоор байж мэдэх бололтой.

Б.Дэлгэрсайхан сайд судалгаанд хамрагдсан иргэдийн 70 хувь төлбөртэй бүс тогтоох санаачилгыг дэмжсэн талаар хэлж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар ийм судалгаанд хамрагдсан гэх иргэн гарч ирээгүй байна. Харин ч судалгаа хаагуур явж байгааг лавлан, саналаа өгөх юмсан гэцгээж, өөрсдийнх нь өмнөөс хэн нэгэн дарга, сайд нар судалгаа бөглөж байх вий хэмээн хардаж сууна.

Э.ТЭРГЭЛ

1 сэтгэгдэл

  1. зориуд түгжрэл үүсгээд явахгүй байгаа машинуудыг торгодог шоронд хэд хоног хорьдог болгох хэрэгтэй . муусайн хужаа нар хорлох гэж явахгүй түгжиж байгаа шд. замын цагдаа нар мангуу болоол тэр хууль гаргаач мал юмуу тэнэг юмуу өөрсдөө бодож сэтгэхэд яадын ажил хийдэггүй их хурлын гишүүдээс цалинг нь буцааж хурааж ав огцруул

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу