Улсын нийслэл Улаанбаатар шатахууны хомсдолд орж, иргэд уртаас урт дараалал үүсгэн, цаг гаруй дугаарлан хүлээн байж авто машинаа цэнэглэж байна.

Шатахууны хомсдол үүссэн нь Монголын тал татаж авч чадахгүй байгаатай холбоотойг албаны хүн мэдээлэв. ОХУ-аас гэрээний үүргээ биелүүлж, шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Харамсалтай нь, Монгол Улс татан авч чадахгүй байгаагаас үүдэн хил, боомт, өртөөдөд 29100 тонн шатахуун тээвэрлэсэн 485 вагон гацжээ. Зөвхөн Толгойт өртөөнд л гэхэд 11700 тонн шатахуун тээвэрлэсэн 195 вагон зогсож буй юм байна.

АМГТГ-аас 2023 оны арвэннэгдүгээр сарын 8-ны өдрийн 10:00 цагт Толгойт өртөөнд хилээр орж ирсэн шатахуунтай вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлт, лабораторийн шинжилгээг шуурхай хийхтэй холбоотой асуудлаар холбогдох талуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.

Тус уулзалтад Улаанбаатар төмөр зам, Гаалийн бүрдүүлэлтийн газар болон Гаалийн ерөнхий газрын төв лабораториос эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд хил, боомт, өртөөдөд гацсан, шатахуунтай 485 вагон (29100 тонн)-ыг шуурхай татан авч, шатахууны хангамж тогтворжих хүртэл хамтарч ажиллахаар тохиролцжээ.

Дашрамд дурдахад, АМГТГ-ын мэдээллээр улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар нийт 85073 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу