Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют биткойны ханш өнгөрсөн Лхагва гаригийн арилжааны үеэр 2022 оны тавдугаар сарын 6-наас хойш анх удаа 36 мянган ам.доллараас давсан байна. Үүнийг крипто мэдээллийн “Coindesk” сайтын мэдээлэл нотолж буй юм.

Пүрэв гаригийн өглөөний байдлаар биткойны ханш 1.73 хувиар өсч, 36,031 мянган ам.долларт хүрч, удалгүй өсөлтийн хурд нь саарчээ. Биткойны ханш хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сарын 6-нд 36 мянган ам.доллар давж байв.

ХАМАС бүлэглэлтэй хийж буй Израилийн дайн бүс нутгийг хамарсан өргөн хэмжээний мөргөлдөөн болж хувирах эрсдэлтэй байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж буй юм.

“Grayscale Investments” байгууллагын криптовалютын хөрөнгийн менежер, судалгаа хариуцсан захирал Зак Пандл өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр “Сүүлийн үед геополитикийн хурцадмал байдалтай холбоотойгоор олон хөрөнгө оруулагчийн хувьд биет алт ба цахим алт гэгддэг биткойн зэрэг активуудын эрэлт нэмэгдэж байгааг бид харлаа” гэж хэлжээ.

Ethereum блокчейн сүлжээтэй холбоотой зоос болох Ether-ийн ханш өнгөрсөн сард 2.79 хувиар өсөж, 1710.6 ам.доллар болсон билээ.

Биткойн нь блокчэйн технологид суурилсан ижил нэртэй криптовалютын төвлөрсөн бус систем бөгөөд системийн оролцогч аль ч хэрэглэгч үүнийг “олборлох” (гаргах) боломжтой. Үүний тулд та шинэ системийн блокууд үүсгэх хэрэгтэй юм.

Эх сурвалж: COINDESK, REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу