УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гэр бүлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 16.8 мянган хос, 2017-2019 онд жилдээ 20.0-21.0 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол 2020, 2021 онд тус бүр 14.2 ба 16.1 мянга болж буурчээ. Түүнчлэн 2016 онд 4,0 мянган гэр бүл гэрлэлтээ цуцалсан бол 2020, 2021 онд тус бүр 3.3, 3.4 мянга болж буурчээ.

Гэрлэлт бүртгэлт, цуцлалтын өсөлт, бууралт дурдсан хугацаанд адил байгаа нь гэрлэлт, цуцлалтад Ковид-19 цар тахал нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. Харин 2022 онд 17694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4515 гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулжээ.

ГЭРЛЭГЧИД ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ДНК-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсад гэр бүл салалт нэмэгдэж байгааг анхааруулав. Тэрбээр “Гэр бүл салалтын золиос хүүхэд. Салалтын шалтгаан нь таарамжгүй харилцаа, архинаас болж байна. Хамтран амьдрагчдын эрх ашиг байнга зөрчигдөж байна. Амьдралын шаардлагаар гаднын хүмүүстэй гэр бүл болоод хохирдог асуудал байгаа. Үндэсний соён гэгээгүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай болжээ. Цус ойртолт бол Үндэсний аюулгүй байдлын том сэдэв шүү. Дээр үед ургийн бичиг хөтөлдөг байсан. Одоо цагт ургийн бичгийг цахимд бий болгох боломж байна уу” гэж асуув.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Гэр бүлийн тухай хуульд гэр бүл болохдоо гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгааны нэг нь төрөл садны холбоотой гэрлэлтийг бүртгүүлэх боломжгүй.

Шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос сэргийлэх, хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-ийн шинжилгээнд хамрагддаг болох боломжийг нээж байна. Нөгөө талдаа, ДНК-ийн шинжилгээ бодитой байхын тулд судалгаа сайн хийх хэрэгтэй. Төрөл садныг тогтооход мэдээллийн сангийн суурь судалгаа хэрэгтэйг шүүхийн шинжилгээний байгууллагаас өгч байна. Тиймээс гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө ДНК шинжилгээ өгдөг байх заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр тусгасан” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: “72 мянган өрх толгойлсон ээж байна. Айл гэр болж тоглоно, сална, сарнина. Эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг авгайдаа өгч байгаа гэж ойлгодог. Хүүхдэдээ өгч байгаа тэтгэмж гэж ойлгодог байх хэрэгтэй. Гэр бүлийн хуулиар гэр бүл цуцлуулбал 100 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Тэрбум төгрөгийн орлоготой ч бай, сая төгрөгийн орлоготой ч бай хуулиар тогтоосон мөнгө өгдөг.

Арчаагүй эрчүүдийн байдлаас болж олон мянган ээж өрх толгойлж, нуруун дээрээ амьдралыг үүрч явна. Тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмээд өгөөч ээ. Айл гэр болж тоглочихоод хүүхдэдээ хэдэн төгрөг өгч чадахгүй байгаа эрчүүдээс данснаас нь мөнгийг татаж авч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа л хүүхэд хохирч байна. Б.Энхбаяр сайд аа, та согтуу жолоочийн хариуцлагыг нэмсэн шигээ эхнэр, хүүхдээ хаясан эрчүүдийн тэтгэмжийн мөнгийг зоригтой нэмээд өгөөч ээ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: -Н.Учрал сайдтай санал нэг байна. Хууль санаачлагчийн хувьд бүр чангалъя гэсэн бодол байсан. Гэхдээ, Үндсэн хууль гэж бий. Үндсэн хуулийн хүрээнд асуудал яригдах ёстой. Засгийн газраар оруулж ирэхэд орлоготой нь уялдуулж тэтгэмжийг нь авъя гэсэн зарчимтай байсан. Үндсэн хуулийн зарчимтай тулсан учраас энэ хүрээнд асуудал яригдаж байна. УИХ-д энэ асуудлыг дахин ярих эрх нь нээлттэй.


“СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН БОЛ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРЖ ИРСЭН”

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар эхлээд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Улмаар зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эрүүгийн хууль бол хүний хувь заяатай холбоотой учраас маш сайн нягтлах ёстой. Айраг ууснаас болоод ял авчих гээд байгаа гэх юм. Тэр талаар тодруулж өгөөч. Айраг уучихсан яваад шоронд орох тохиолдол гарах вий. Тээврийн хэрэгсэл дотор скүүтэр багтах уу. Скүүтэртэй уучихсан явж байгаад хүн мөргөвөл яах вэ. Гадаадад энэ чиглэлээр тусгайлсан хууль гаргасан шүү.Тээврийн хэрэгслийн соёлгүй харилцаа замын түгжрэлд их нөлөөлж байгаа. Өөрсдөө машинаа зам дээр тавиад явчихаараа тоохгүй байна. Хэлэхээр урдаас тоохгүй сүртэй юм гэдэг. Гэсэн мөртлөө хүн машин тавьсныг хараад новш чинь гээд уурладаг. Энэ ёс зүйн төлөвшлийг арилгах ёстой” гэж асуув.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол одоогийн хуулиар Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг. Засгийн газраас өргөн барьсан хуульд ялын бодлогыг чангатгаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас эд, хөрөнгө, эрүүл мэндээр хохирох зөрчил буурахгүй байгаагаас хариуцлага чангатгах хуулийн төсөл орж ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил, гэмт хэрэг гаргасан тохиолдолд эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулахаар өргөн барьсан хуулийн төсөлд орж ирсэн.

Хэлэлцүүлгийн явцад хэт чангаруулсан байна гэж үзээд, “эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд эрхийг нь 6 сараас нэг жилээр хасч торгох торгуулийн хэмжээг нэмсэн. Эсвэл 7-30 хоног баривчилна. Архи уугаад согтсон байна уу, айраг уугаад согтсон байна уу гэдгийг ялгах боломжгүй” гэв.

Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалт Мөрдөн байцаалтын нууц задруулах тухай бий. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үүнтэй холбогдуулан “Хууль санаачлагч оруулж ирэхдээ мөрдөн байцаалтын нууц задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахаар оруулж ирсэн. Энэ асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэл үзүүлж байсан. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцээд, 21.9 гэдэг заалтыг хасах нь зүйтэй гэж тогтсон. Тиймээс гишүүдийг кнопоо дарахгүй байгаад энэ заалтыг босгож өгөхийг хүсье” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан болон иргэнийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан асуудлаар шийтгэгдээгүй юм билээ. Энэ хуулийн заалтын дагуу аливаа иргэн, хэвлэл мэдээллийн ажилтан 21.9 заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх ёстой шүү. Мөрдөн байцаалтын нууц задруулаад шантаажлах зүйл их байдаг. Нууцыг нь задруулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстойг протоколд тэмдэглүүлэхийн тулд хэлж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Мөрдөн байцаалтын үед олж авсан албаныхаа мэдээллийг задруулж болохгүй. Олон хүний амь настай холбоотой хэрэг. Мөрдөн байцаалтын нууц задруулсан хүнийг торгоод өнгөрдөг. Олон хүний амь, амьдрал хохирдог учраас Засгийн газраас гаргасан саналыг дэмжиж байна.

МАН-ын бүлэг угаасаа сонин. Дандаа хачин, хачин юм гаргаж байдаг. МАН-ын бүлгийн гаргасан саналыг дэмжиж болохгүй. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн гүйцэтгэх ажлын нэг хэсэг болж байна. Мэдээлэл олж авах, эх сурвалжаа нуух нь хэвлэлийнхний бүрэн эрх. Мөрдөн байцаалтыг явуулж байгаа албан тушаалтан, цагдаа тагнуул, АТГ хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Мөрдөн байцаалтын нууцыг олж авсан иргэн, сэтгүүлчид хариуцлага ярих боломжгүй. Тэд хардах эрхтэй хүмүүс. Үүрэг хүлээсэн, тангараг хүлээсэн мөрдөн байцаагч, прокурор шийтгэгдэх ёстой гэх зарчим дээр санал нэг байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Энэ заалтад анхнаасаа санаатай үйлдэл явсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдлаа, сэтгүүлчийг яллах гэж байна гэх улс төр зориуд хийсэн. Энэний цаана нууц мэдээллийг задалдаг хуулийнхан өөрсдөө байгаа. Өөрсдөө захиалгаар ийм юм хийсэн. Одоо энэ асуудалд тодорхой мөрдөн байцаалт хийж байгаа зүйл бий.

Жирийн албан хаагчдаас мэдээлэл задрахгүй. Сүлжээ үүссэн байна. Шантааж хийж байна. Цаана нь хээл хахууль авдаг том сүлжээ байна. Мөнгө угааж байна. Улс төрд нөлөөлж байна. Төрийн эрх мэдэлд хонгилынхны гарт байх ёсгүй.

Эрүүгийн хуулийн 21.9 хэвлэл мэдээллийнхэнд хамаатай заалт биш. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд энэ заалт эрүүгийн хуульд байсан. Хэвлэл мэдээлэл, иргэнийг энэ зүйл заалтаар яллаж байгаагүй. Зориуд мушгиж, нууц задалдаг сүлжээ нь задрах гээд сандраад акц хийсэн шүү. Манай байнгын хороо хасах саналыг дэмжээгүй” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу