Өмнөговь аймгийн Даланзадгад хот, “Цогжавхлан 2” дэлгүүрийн гадна 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 11.45 цагт нэгэн эмэгтэй рүү 5-6 нохой дайрч хазаж гэмтэл учруулсан хэрэг гарсан. Энэ үед 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 машинтай иргэн яг дэргэд нь байсан ч туслаагүй тухай мэдээлэл тархсан билээ.

Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дуудлага мэдээллийн дагуу тухайн үед яаралтай тусламж үзүүлэлгүй явсан гэх “Ланд крузер” 200 маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Энэхүү ажиллагааны явцад тухайн үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэддээ орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнга уяатай, хошуувч зүүлгэж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу