Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл”  ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хүргэлээ. (2023.03.09)


“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлахаар болжээ. (Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй ЭНД дарж танилцана уу)

Тэрбээр “Бид авлигаас ангид, ямар нэгэн эрсдэлгүйгээр төрийн үйлчилгээг явуулах боломжийг судалж, шийдвэр, процессын үйл ажиллагаа дээр анхаарлаа хандуулна.

Мөн тодорхой гэмт хэргийн чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч дүн шинжилгээ хийнэ.

Иргэд маань шүгэл үлээж, бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг нэг том асуудал нь мэдээллийн нууцлалыг хадгалах байдаг. Мөн хэрвээ авлига, эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгвөл өөрөө хариуцлага хүлээх эсэх асуудал бий.

Үүнтэй холбогдуулаад ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг хэлэлцүүлэн батлуулахад бид бүх талаараа дэмжлэг үзүүлж, олон нийттэйгээ хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна.

Манай ажлын хэсэг олон аргаар иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байгаа.

Эхний ээлжид 11-11 төв, “и-Монголиа” систем болон “шүгэл ажиллагаа” нэртэй сошиал хуудсуудаар дамжуулж мэдээлэл авна. Мөн ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт, бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Баасан гараг бүрийн өглөөний 09:00-12:00 цагийн хооронд “Шүгэл” ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хүссэн иргэдтэй уулзаж, 11-11 төвөөр дамжуулан мэдээлэл авна. Энэ ажил маргаашнаас эхэлнэ.

Авлигатай тэмцэхэд иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс иргэддээ хандаж манай ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Цаашид бид авлигатай тэмцэж цөөнхөд боломжийг олгох биш нийт төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй байж эдийн засгийн болон бусад боломжийг тэгш хүртээх шаардлагатай байгаа учраас шүгэл ажиллагааг иргэдтэй хамтарч хэрэгжүүлэх, “шүгэл” ажиллагааны ажлын хэсгийг байгуулж байна” гэлээ.

Шууд дамжуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу